Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт ажиллав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-09-21 14:29:11

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 19-ний өдөр Увс аймагт ажиллаад өчигдөр буцлаа.

               Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон гардууллаа

Тэрбээр тус аймагт ажиллах үеэрээ олон хүүхэд төрүүлж өсгөсөн 346 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулсан юм. Үүнээс “Эхийн алдар” 1-р зэргийн одонг 44, 2-р зэргийн одонг 302 ээж хүртлээ.

Одонгоо гардаж авсан ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр хүргэж, ажил, амьдралын өндөр амжилтыг хүссэн юм. Ийнхүү Увс аймгийн 19 сумын 346 ээж нэгэн зэрэг Монгол төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одонг гардан авлаа. 

                                       

    "Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв"-өөр зочлов


Ерөнхийлөгч Х.Баттулга “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-өөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд аймаг орон нутгаас анхаарал хандуулж, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаад тэрбээр талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр тус төвийн 22 төрлийн дугуйланд суралцаж буй хүүхэд багачууд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ төрийн тэргүүндээ тайлагнаж, өндөр үнэлгээ авсан юм.


                                   

Ерөнхийлөгч “Шинэ эдийн засаг” хамтын ажиллагааны форумд оролцлоо


Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт ажиллах үеэрээ "Шинэ эдийн засаг" хамтын ажиллагааны форумд оролцлоо. УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийн санаачилгаар алслагдсан хөдөө орон нутагт байнгын ажлын байр, баталгаатай орлогын эх үүсвэрийг бий болгох боломж, шийдлийг эрэлхийлсэн “Шинэ эдийн засаг” хамтын ажиллагааны форум нь цаг үеэ олсон, ард иргэдийн аж амьдралд дэм тусаа өгөхүйц үйл ажиллагаа болсон юм. 

Монгол төрийн тэргүүн Увс аймагт хүрэлцэн ирж, аймаг орон нутгийн цаг үеийн ажил хийгээд, ард иргэдийн аж амьдралтай газар дээр нь танилцсанд Увс аймгийнхан баяртай байлаа.


 

 

Холбоотой мэдээ