Коронавирусээр халдварлагсдын 97 хувь нь эдгэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-21 11:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид энэ сарын 18-20-нд буюу  сүүлийн гурван өдөрт 1 749 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн  хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Халдвартай иргэн есдүгээр сарын 17-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн, 50 настай эрэгтэй аж.  


Монгол Улсад коронавирусний батлагдсан 312 тохиолдлоос 302 нь буюу 97 хувь нь эдгэрээд байна. ХӨСҮТ-д одоогоор 10 хүн эмчлүүлж байгаагаас 7-гийнх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр байна.


Нийт 286 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан бол гэрийн ажиглалтад найм, сувилалд найман хүн байна.


Гурван өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, 2020 оны 9 дүгээр сарын 19-нд Истанбул-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 246 хүн, 8 дугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 260 хүн, 9 дүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 9 дүгээр сарын 17-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусай онгоцоор ирсэн 225 хүн, 8 дугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 81 хүний давтан шинжилгээ багтжээ. Мөн сайн дурын шинжилгээ хийлгэсэн 59 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 14 сорьц халдваргүй гарчээ. Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, ажиглах байранд тусгаарлагдсан 124 хүн, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 37 эмч, эмнэлгийн ажилтан, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 57 хүн, Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 61 жолоочид хийсэн шинжилгээний хариу халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ