“IAAF”-н тэргүүн асны хүүд 370 мянга орчим ам.долларыг шилжүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-21 14:38:33

ТОКИО. /Kyodo/. Токиогийн зуны олимпын наадмын тендерийн хороо 2013, 2014 онуудад “IAAF” буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч асан Ламин Диакын хүү Папа Массата Диакын дансанд 370 мянга орчим ам.долларыг шилжүүлжээ.


Энэ мөнгийг Сингапурын “Black Tidings Co.,” компаниар дамжуулан шилжүүлжээ. “Black Tidings Co.,” компани 2013 онд зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө тендерийн хорооноос 2 орчим сая ам.долларыг авч байсан аж.


Энэ мөнгө нь Токиогийн зуны олимпын наадмын тендерийн хороотой ямар ч холбоогүй бөгөөд Хятад дахь ивээн тэтгэх гэрээтэй холбоотой болохыг Папа Массата Диак онцолжээ. Үүнээс гадна Олон улсын олимпын хорооны гишүүн байсан Ламин Диак олимпын наадмыг зохион байгуулахад Токиогийн талд санал хураахад нөлөө үзүүлсэн байж болзошгүй тухай “Kyodo агентлаг мэдээлэв.


Парисын шүүх 9 дүгээр сарын 16-нд авлигын хэрэгт холбогдуулан Ламин Диакт дөрвөн жилийн хорих ял оноож, 500 мянган еврогоор торгожээ. Харин Папа Массата Диакын идэвхгүй, идэвхтэй авлигын хэрэгт дэмжлэг үзүүлсэн, итгэлийг урвуулан ашигласан хэрэгт буруутай нь тогтоогдож, шүүх түүнд таван жилийн шоронд хоригдох ял оноож, 1 сая еврогоор торгож, арван жилийн хугацаанд спортын байгууллагуудад ажиллахыг нь хоригложээ. 

Холбоотой мэдээ