Шинэ Зеланд коронавирусний вакцин боловсруулахад 18 сая ам.долларын хөрөнгө оруулна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-21 15:05:21

СИДНЕЙ. /TASS/. Шинэ Зеландын Засгийн газар коронавирусний вакцин боловсруулахад 18 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулна гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс мэдээлжээ. Хөрөнгө оруулалтын багцыг олон улсын COVAX механизмаар дамжуулан илгээх аж.


“COVAX механизмтай хамтран ажиллах нь “COVID-19”-ийн вакцинжуулалт болон аюулгүй, үр дүнтэй вакцин хүлээж авах  манай улсын стратегийн гол хэсэг юм. Бид энэхүү механизмд нэгдэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд вакцин гарган авах, үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эхний ээлжинд 27 сая шинэ зеланд доллар буюу 18.2 сая ам.долларын хөрөнгө оруулна. Энэхүү төлбөрийг гарган авсан вакцинуудаас аль нэг нь үр дүнтэй болох нь батлагдсаны  дараа худалдан авахын өмнөх баталгаа болгон ашиглана” гэж Питерс мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Түүний мэдэгдлийг Засгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн байна. Шинэ Зеландын Ерөнхий сайдын орлогч мөн үр дүнтэй вакциныг гарган авсных дараа худалдан авахад нэмэлт хөрөнгө мөнгө шаардагдана гэдгийг онцлон дурджээ.


COVAX нь коронавирусний вакцин гарган авсны дараа бүх улс оронд шударгаар хуваарилах зорилготой олон улсын механизм юм. 


Холбоотой мэдээ