Испанид хязгаарлалтын дэглэм тогтоохыг эсэргүүцжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-21 15:39:56

МАДРИД. /TASS/. Испанийн нийслэл Мадрид хотод коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээ дахин тогтоохыг эсэргүүцсэн жагсаал болж, хэдэн мянган хүн оролцжээ.  


Испанид хорио цээрийн дэглэмийг сулруулсны дараа урьд өмнө бага зэрэг буурч байсан өвчлөлийн түвшин дахин огцом өссөн байна. Есдүгээр сарын 21-нээс эхлэн Мадрид хотын зарим дүүрэгт хоёр долоо хоногийн хугацаатай хорио цээрийн хатуу дэглэм тогтооно гэж Испанийн эрх баригчид өмнө нь мэдэгджээ. Шинэ хязгаарлалтуудад хүн ам шигүү суурьшсан өмнөд хэсгийн ядуу дүүргүүдийн 850000 орчим оршин суугч буюу нийслэл хот болон түүний ойр орчмын хүн амын 13 хувь нь өртөх аж.


Халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг чангатгах төлөвлөгөөгөө Испанийн Ерөнхий сайд Педро Санчес есдүгээр сарын 19-нд танилцуулсан байна. Коронавирусээр халдварласан хүний тоогоор Испани улс есдүгээрт бичигдэж байгаа бөгөөд цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 659334 хүн халдвар авчээ.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо даваа гарагт 31 сая давж, 960698 хүн нас барсан бол 21 254 847 хүн эдгэрсэн байна. Халдварын хамгийн олон буюу 6 804 814 тохиолдол АНУ-д бүртгэгджээ. Тус улсын дараа Энэтхэг (5 487 580) болон Бразил (4 544 629) улс орж байна. 



Холбоотой мэдээ