Сэлэнгэ аймаг дахь байгалийн болон түүхэн дурсгалт газрууд

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-09-23 13:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний түүхт Гурван мэргидийн уугуул газар орон, 1921 онд Монгол оронд ялсан Ардын хувьсгалын өлгий нутаг болох Сэлэнгэ аймаг нь 1934 онд байгуулагдсан. Орхон, Сэлэнгийн бэлчир савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршдог,  газар тариалан голлон хөгжсөн нутаг юм. Амарбаясгалант хийд, Тужийн нарс, Таван хан, Ноён уул зэрэг байгаль, түүхийн үзэсгэлэнт газрууд бүхий Монголын түүхэнд холбогдох олон газар, хөшөө дурсгалууд тус аймагт байна. Сэлэнгэ аймгийн байгалийн болон түүхэн дурсгалт газрын заримыг үүх, түүхтэй нь хамт уншигчдадаа танилцуулж байна.


САЙХАНЫ ХӨТӨЛ



Сайханы Хөтөл нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 10-аад км зайд Монгол-Оросын хил орчимд оршдог байгалийн цогцолборт газар юм. Урьд нь “Тэмээн хүзүүтийн хөтөл” хэмээн нэрлэдэг байсан эл газрыг Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш “Сайханы хөтөл” хэмээн нэрлэх болсон гэдэг. 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцсон Монгол ардын журамт цэргүүд энэ газарт байрлаж, хоноглох зэргээр дайран гарсан түүхт газар юм.


Өдгөө Сэлэнгэ аймагт зочилсон жуулчид, аялагчдын заавал очдог газар нь Сайханы хөтөл. Аялагчид үүр хаяарахаас өмнө тус газрыг зорьж, үзэсгэлэнт байгалийн сайхныг тольдохоос гадна, нар ургахыг үздэг байна. 



Сайханы хөтлийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир билээ. Монголын эдгээр том мөрнүүд тус газарт нийлж, цааш урссаар Байгаль далайд цутгадаг.


Хулан хатны төрсөн нутаг


“Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр 13 дугаар зууны үед Монголын өнөөгийн хойд хилийн төв хэсэг болох Сэлэнгэ аймгийн нутгаар Хори түмид, Баргажин будгажин, Хэрэмчин, Жүрхэн, Чонос зэрэг гуч гаруй хүчирхэг аймгууд нутаглаж байсны нэг нь Мэргид аймаг байв. Тус аймгийг түүхэнд “Гурван мэргид” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Гурван мэргид хэмээхийн учир нь Удуйд мэргид, Увас мэргид, Хаад мэргид хэмээх гурван овгоос бүтсэн Монгол аймгийн нэгэн холбоо байсан бөгөөд Увас мэргидийн тэргүүн нь Дайр-Усун, Удуйд мэргидийн тэргүүн Тогта бэхи, Хаад мэргидийн тэргүүн нь Хаатай Дармала ажгуу. Чингис хаан 1189-1206 онуудад дээрх аймгуудыг нэгтгэн Их Монгол улсын харьяат болгоход Увас мэргидийн тэргүүн Дайр-Усун Чингис хаантай байлдах санаагүй хэмээн өөрийн охин Хуланг хатан болгон өгч Их Монгол Улсад дагаар оржээ.



Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг нь Хулан хатны төрсөн нутаг бөгөөд Сайханы хөтөл дээрх ширээний зууван тавцан мэт том хадыг өнөөгийн Монголын газрын зурагтай төстэй байдлаар засаж янзалж, дээр нь Чингис хаан, Хулан хатан нарын хөргийг сийлж дэргэд нь кирилл үсгээр “Энэ дэлхийн мянганы суут хүн Эзэн дээд Чингис хаан энэ дагшин амгалан нутгаас Хулан хатнаа залсан билээ” хэмээн бичжээ.


Түүхийн үргэлжлэл ба хөшөө дурсгал


Сайханы хөтөл дээрх түүх цааш үргэлжилнэ. Энэ газарт өмнө нь мөн сайн эрс цуглаж байсан хэмээх домогтой агуй байдаг. Тус газарт нь өдгөө чулуун сандал, ширээ өрж, тулгын гурван чулуу тавьжээ. Алсын газрыг өндөр дээрээс тольдох боломжтой агуйн дээд талд банзан хэлбэртэй шар өнгийн модон дээр “Сайн эрсийн хээрийн гэрт саатан морилно уу!” хэмээн бичсэн байна.



Мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөө ч энд бий. Харах төдийхөн шууд л Төрийн шагналт зохиолч Д.Сэнгээгийн “Өвгөн партизаны яриа” шүлэг санаанд орно.
Тус хөтөл дээрх энэхүү "Өвгөн партизаны хөшөө"-г Ардын хувьсгалын түүх, байгалийн сайхныг харуулсан хөшөө дурсгал бүхий цогцолбор барих ажлыг яруу найрагч Н.Сүхдорж, Хилийн Цэргийн хурандаа Л.Батсүх, зураач Ү.Чимэд, доктор Ө.Бавуу, яруу найрагч Т.Доржсүрэн нар санаачилсан байна. 




Түүнчлэн 2008 онд Сэлэнгэ аймагт “Монголын зохиолчдын өдрүүд” болоход тус хөтлийн Алтан арал хадны энгэрт "Шивээ хиагт" дуу мэндэлсэн нутаг хэмээн хадан дээр гантиг чулуун дурсгалын бичээсийг “Сэлэнгэ аймгийн зохиолчид”-ын санаачилгаар хийж байршуулсан байна. Мөнх "Хүүгийн хөшөө" гэж бий. Ийнхүү Сайханы хөтөл нь байгалийн үзэсгэлэнгээс гадна түүхийн олон үнэт зүйлсийг өөртөө агуулсан газар нутаг юм.



Сайханы хөтөл дэх хүүгийн хөшөө. Энэхүү хөшөөнд үр хүүхэдгүй хүмүүс болон хүүтэй болохыг хүссэн хүн залбирч мөргөвөл хүсэл нь биелдэг хэмээн нутгийнхан ярилцдаг байна.



БУУР ХЭЭРИЙН ТАЛ


Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газруудын нэг Буур хээрийн талд Монголын тусгаар тогтнолын түүхтэй холбоотой олон үйл явдлууд өрнөж байв. Энэ талд найман зууны тэртээ Чингис хаан Мэргидүүдэд булаагдсан Бөртэ хатнаа эргүүлэн авч Их Монгол Улс байгуулах түүхэн ялалтын эхлэл тавигдсан түүхтэй. Тиймдээ энэ уудам талд нэгэн том чулуун хөшөө сүндэрлэн оршдог. Түүн дээр “Эрсэн хүнээ олсон тул энд бууцгаая хэмээн Чингис хаан айлдав” гэж босоо монгол бичгээр сийлжээ. Тус хөшөөний чулууг Шаамар сумын Дулаанхан тосгоны хойморт залрах “Дулаан Хан” уулнаас авчирч тавьжээ.



Басхүү Буур хээрийн талын энэхүү том чулуун хөшөөний урдхан талд дуу дуулахад бургилдаг нэгэн булаг бий. 


ДӨРВӨЛЖИН СҮМИЙН ТУУРЬ


Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас баруун зүгт 3 км зайд, Эрээн нарсны хамар хэмээх газрын зүүн хажууд Дөрвөлжин сүмийн туурь бий. Уг сүм нь Хятад шүтлэгтний сүм байсан бөгөөд тухайн үед Ширээ бурханы сүм гэж нэрлэдэг байжээ. Харин өдгөө тус сүмийн туурин дээр хувьсгалын ялалтад зориулсан дурсгалын хана, пулемёт их бууны хөшөөг босгожээ.



Энэ хөшөөг босгосон түүх мөн л 1921 оны хувьсгалын ялалттай холбогдоно. Тухайн үед ардын журамт цэргүүд Дөрвөлжин сүмийн хойт талаас урагшхи газрыг эзэлж авах ёстой байв. Ийнхүү жанжин
Д.Сүхбаатарын байлдааны төлөвлөгөө ёсоор цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих үүрээр Дөрвөлжин сүмийн үүднээс 4 пулемётоор гал нээж, гамин цэргүүдийг хөөн Хиагтыг эзлэн авсан түүхтэй билээ. Тэгэхээр Дөрвөлжин сүм нь ардын хувьсгалын зэвсэгт бослогын анхны буу дуугарсан түүхт газар юм. Тиймдээ ч “Шивээ хиагт” дууны шүлэгт

“Дөрвөлжин сүмийн үүдэнд
Дөрвөн пулемёт зоосон юм
Түрэмгий муусайн гаминг
Дөтийн замаар тонилгов” хэмээсэн байдаг билээ.


Өдгөө туурин дээр нь босгосон гэх дурсгалын хананд тухайн үеийн цэргийн байлдааны хэрэгжсэн маршрут зураглагдан үлдсэн буй.


АРДЫН ТҮР ЗАСГИЙН ГАЗРЫН АНХНЫ БАЙР


1921 оны 3 дугаар сарын 13-нд “Монгол Ардын Намын Төв хороо”, “Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газар”, цэргийн анги, хил орчмын газрын төлөөлөгчдийн хурал болж “Ардын түр засгийн газар”-ыг байгуулсан байдаг. Ийнхүү Ардын түр засгийн газар байгуулсныг Хүрээний засгийн газарт албан ёсоор мэдэгдсэнээр Монголд хоёр засаг тогтож байсан түүхтэй. 




Ардын түр засгийн газар нь улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх тэмцлийг зохион байгуулж удирдах, байнгын засгийн газар байгуулах, Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох, хөрш зэргэлдээ улсуудтай найрамдалт харилцаа үүсгэн бэхжүүлэх зорилготой улс төрийн байгууллага, ардын ардчилсан төрийн анхны эх үүсвэр
 байсан юм.


Ийнхүү Ардын түр засгийн газар байрлаж байсан хүрэн дүнзэн байшин өдгөө Алтанбулаг сумын нутагт бий. Тус байшингийн зүүн гар талын цонхны хажууд “Ардын намын төв хороо, түр Засгийн газар 1921-3-19-нөөс 1921 -7-р сар хүртэл энд байрлаж байв” хэмээн бичжээ.


АРДЫН ЖУРАМТ ЦЭРГИЙНТҮР ШТАБ БА МОНЦАМЭ АГЕНТЛАГИЙН АНХНЫ МЭДЭЭ ДАМЖУУЛСАН БАЙР



Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд Ази тивийн ууган агентлагуудын нэг юм. Анх 1921 оны 3 дугаар сарын 18-нд ардын журамт цэрэг Хиагтыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд энэ тухай өгүүлсэн “Монголчуудын бослого” нэртэй мэдээг жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “МОНТА мэдээлэв” нэрийн дор тухайн үеийн Алс Дорнодын бүгд найрамдах улсын ДАЛЬТА агентлагт илгээж, улмаар энэ мэдээ Оросын РОСТА агентлагаар дамжин 1921 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн "Правда" сонинд нийтлэгдсэн юм.



Тус мэдээг илгээсэн байр буюу тухайн үеийн Ардын журамт цэргийн түр штаб байрлаж байсан улаан дүнзэн байшин өдгөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг үндэсний музейн хашаан дотор байрлаж байна. Музейн эзэмшлийн тус байшингийн зүүн хойд талд Д.Сүхбаатар жанжны “бюст” бүхий хөшөө сүндэрлэнэ. Байшингийн үүдэн дээрх дөрвөлжин цагаан гантиг хавтан дээр “Д.Сүхбаатар 1921-3-19-нөөс 1921-7-2-н хүртэл энд ажиллаж байв” хэмээн сийлсэн ажгуу. Мөн 2010 онд МОНЦАМЭ агентлагийн 90 жилийн ойн хүрээнд босгосон гэрэлт самбар бий.


"ГЭРЭЛТ " ЦОГЦОЛБОР БА ГЭРЭЛТ ХӨШӨӨД


Хулан хатны хөшөө



Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын "Гэрэлт цогцолбор" цэцэрлэгт хүрээлэнд Хулан хатны гэрэлт хөшөө бий. Хулан хатны төрсөн нутаг нь Сэлэнгэ аймаг гэдгийг нийтлэлийн эхэнд өгүүлсэн билээ. Энэхүү хөшөөг Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойгоор Сүхбаатар сумын чөлөөт уран бүтээлч Цэвээнравдан аймгийн удирдлагуудтай хамтран эх хувилбарыг нь бүтээж босгожээ.

Хөшөөний сууринд ийн бичсэн нь бий.


“Хан хурмастын охин тэнгэр
Хас төрийн хатан эрдэнэ
Эзэн Чингисийн зоригийг хурцалсан
Эрэмгий Мэргидийн домогт гүнж
Төгс үзэсгэлэнт Хулан таны
Түүх шаштирын алтан сорыг
Хүй дарсан чулуутай нь хамт
Хөх Монголын хойморт дархлав”.


Төр, нийгмийн зүтгэлтэн, партизан Г.Бумцэндийн хөшөө



Хулан хатны хөшөөнөөс цааш чулуун замаар өгссөөр уулын энгэр бэлд хүрвэл төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, партизан Г.Бумцэндийн хөшөө бий. Тус хөшөөг “бюст” маягаар хэлбэрийг нь гаргаж, хүрэл болон төмрөөр цутгаж бүтээжээ. Г.Бумцэнд (1881-1953) нь Ардын хувьсгалын анхны партизануудын нэг, БНМАУ-ын УБХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн хүн юм.


Гантиг чулуун сийлбэрүүд






Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн дээд хэсэгт хагас дугуй хэлбэрийн ханан дээр Хаан эзэн Хулан хатны хамт ан хийж яваа зургийг баруун талын гантиг чулуун дээр уран нарийнаар сийлжээ. Харин голд нь соёмбо үсгийг товойлгон сийлсэн аж. Зүүн талд нь Д.Сүхбаатар жанжин, бүрээ үлээсэн цэргийн хамт явааг дүрсэлжээ. Мөн голын соёмбо үсгийн баруун талд “Эв нэгдэл”, зүүн талд нь “Тусгаар тогтнол” гэсэн үгсийг босоо монгол бичгээр сийлж дүрсэлсэн байна.


Гурван Мэргидийн хөшөө



Сүхбаатар хотын төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд тэнгэр өөд сумаа шившин татаж буй гурван мэргидийн хөшөө буй. Энэхүү хөшөө нь эрт дээр үед тус нутаг Удуйд, Увас, Хаад мэргид гэсэн гурван аймаг оршиж байсантай холбоотой. Мэргид гэдэг нь “мэргэн хүмүүс” гэсэн утгатай үг хэмээн судар номд тэмдэгl үлдсэн байдаг.


Д.Сүхбаатар жанжны хөшөө



Сэлэнгэ аймагт Д.Сүхбаатар жанжны хэд хэдэн хөшөө баримал бий. Энэ нь мэдээж Ардын хувьсгалын их ялалтанд баатарлаг гавьяа байгуулж, бүх цэргийн жанжнаар өргөмжлөгдсөн түүхэн амжилттай нь холбоотой. Өдгөө Сүхбаатар хотын Нутгийн удирдлагын ордны үүдэнд жанжны алхаж явааг дүрсэлсэн хөшөө буй бол Алтанбулаг сумын музейн хашаанд өндөр баганан дээр залсан "бюст"-ийн цээж баримал бий.


Харин Алтанбулаг сумын зүүн урд талын цэцэрлэгт Д.Сүхбаатар жанжинд зориулж босгосон анхны хөшөө эх хувилбараараа хадгалагдаж үлджээ. Энэхүү хөшөө нь дотуур нь төмөр зангидаж, шавраар бүтээсэн буюу улаан зосоор өнгөлж хийсэн хуучны үнэт барималд тооцогдох бүтээл юм.



Б.Ренчиний хөшөө




Сэлэнгэ Алтанбулаг сумын сургуулийг 2005 онд Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор нэрт эрдэмтэн Б.Ринчений 100 насны ойгоор түүний нэрэмжит болгосон билээ. Харин эрдэмтний 110 насны ойгоор буюу 2015 онд тус сургуулийн үүдэнд Б.Ренчиний хөшөөг босгож их үйл хэргийг нь мөнхжүүлсэн байна. Хөшөөг нэрт эрдэмтний ач хүү, уран барималч Б.Дэнзэн бүтээжээ.

ЭЭЖ МОД


Ээж мод нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт оршино. Монголын “Бөөгийн шашин”-д удган /эмэгтэй бөө/-ны дуудлагад шүтлэгтэй олон, олон газар, хад, модны нэрс гардгийн дотор “...энэрлийн өлгий болсон Ээж дэвсэг сонсож бай” гэсэн мөрүүд бий. Үүнтэй холбогдуулан монголчууд ээж модыг өнө эртнээс шүтдэг байсан гэж үздэг.



Ээж мод нь Улаанбаатар хотоос 310 км зайтай. Монголын сүсэгтэн олон жил бүрийн ханш нээх өдөр буюу дөрөвдүгээр сарын эхэн орчимд  Ээж модонд очиж арц уугиулж, сүү өргөж, хүслээ даатган залбирдаг. Дээхнэ цагт тус газрын нэгэн цагдаа Ээж модонд залбираад буцах замдаа татсан тамхиа унтраагаагүйгээс болж модонд уяатай хадганд гал авалцаж шатжээ. Харин түүний үндэс нь үлдсэн байдаг.


Тус модыг анх хэрхэн тахих болсон талаар тодорхой мэдээлэл хомс бөгөөд нутгийнхны дунд ам дамжсан үлгэр, домог ярианууд олон бий. Ямартаа ч өдгөө Сэлэнгэ аймагт буй ариун газруудын нэг нь Ээж мод билээ.

ЗУРГИЙН ЦОМОГ 


Сайханы Хөтөл, агуйн дотроос...


Партизан Г.Бумцэнд 



Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Аймгийн нэгдсэн музей. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор "Ардын хувьсгалын музей" нэртэйгээр байгуулагдсан тус музейд энэ жил засвар хийгдэж байна. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тус музейн 50 жилийн ой болох юм.



Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Аймгийн нэгдсэн музейд буй 1921 оны үеийн Хиагт хотын байдлыг харуулсан макет



Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Аймгийн нэгдсэн музейн үүдэнд буй хүн чулуун хөшөө


Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө. Жил бүрийн тавдугаар сард буюу Ялалтын баяраар монгол, оросын иргэд, ахмад дайчид энэхүү хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг юм.


Сүхбаатар, Алтанбулаг сумын хилийн заагт буй Сэлэмт хөшөө. Уг хөшөөнд 1921 онд Хиагтыг чөлөөлсөн байлдааны маршрутыг дүрсэлсэн байна.


Дөрвөлжин сүмийн туурь, дурсгалын хөшөө ба ОХУ-ын хил дээрх Хиагт хот.




Буур хээрийн тал




Тужийн нарс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар зэрэг сумдын бүс нутгийг хамарсан Төрийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газар юм. 1990-ээд оны дундуур сүйрлийн ирмэгт тулаад байсан Тужийн нарсан ойд 2003 оноос хойш 10 гаруй сая мод тарьж нөхөн сэргээжээ. Өдгөө Тужийн нарс нь сүйрлээс бүрэн аврагдсан байна.



Сүхбаатар хотын Нутгийн удирдлагын ордон, жанжин Д.Сүхбаатарын хөшөө







Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот


Гэрэл зургийг | Б.Чадраабал

Холбоотой мэдээ