“Номын баяр-2020” Дундговь аймагт

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-21 16:43:47
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Хязгаар үгүй-ном-сэтгэлгээний эрх чөлөө" уриан дор орон даяар зохион байгуулж буй "Номын баяр-2020” аяны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 19-нд Дундговь аймагт боллоо. 

Нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга А.Нарантуяа, БСУГ-ын дарга, С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн номын сангийн  хамт олон, уншигч иргэд, сургуулийн сурагчид оролцсон. 

Энэ үеэр “Тэргүүний уншигч” болсон “Д.Нацагдорж тэмдэгтэн" Мандал сургуулийн 12а ангийн сурагч Н.Мөнх-Эрдэнэ болон “Номын сайн нөхөр” болзол хангасан Хүмүүнлэг сургуулийн 5б ангийн сурагч Ц.Хулан, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Б.Бум-Аюуш, Хүмүүнлэг сургуулийн 5б ангийн сурагч Б.Сувд-Эрдэнэ, тус сургуулийн 8а ангийн сурагч Ө.Март, 9б ангийн сурагч Б.Хүрэлбаясгалан, Цэгц билиг сургуулийн 8а ангийн сурагч Ү.Төрхүү, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Ц.Бүжмаа нарт шагналыг гардуулжээ.   

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр" тэмдэглэх тухай 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор “Номын баяр-2020” үйл ажиллагааг есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд “Хязгаар үгүй-ном-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор зохион байгуулж байна.

Номын баярыг угтсан энэхүү аяны хүрээнд бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэхийн тулд “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдаануудыг цахим орчинд өрнүүлэх аж. 

Холбоотой мэдээ