Бэлчээрийн доройтлыг бууруулж, менежментийг сайжруулах бүсийн сургалт болов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-21 17:29:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Бэлчээрийн доройтлыг бууруулж менежментийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний гадаад зах зээлийг нэмэгдүүлэх нь” бүсийн сургалт өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт боллоо.

Тус сургалтыг ХХААХҮЯ, Мал аж ахуй хөгжлийн бодлого зохицуулах газар, аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл” хамтран зохион байгуулж, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Төв, Баянхонгор аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцжээ.

Тус сургалтаар мал аж ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулж, малын бэлчээрийн даац тооцох нэгдсэн аргачлал, малын тэжээлийн хангамж, чанарыг нэмэгдүүлэх арга, махны зах зээлийг өргөжүүлэх боломж, малын гаралтай бүтээгдэхүүний дотоод болон олон улсын зах зээл, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Манай аймагт жилд орох хур тунадасны хэмжээ багасахын зэрэгцээ, хурц нартай өдрийн давтамж, тоо ихэссэнээр зун, намартаа гандаж, бэлчээрийн ургацын хэмжээ, ургамлын төрөл зүйлд ихээхэн өөрчлөлт орж, хуурайшилт, хөрсний эвдрэл, элсний бүрхэвч нийт нутгийг хамраад байна, Тиймээс аймгийн малчдын оролцоотойгоор бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах нь илүү үр дүн гарна” хэмээн онцолж, энэхүү сургалтын ач холбогдол өндөр байгааг тэмдэглэн хэлсэн юм.   

Дундговь аймгийн хэмжээнд 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 10 гаруй хувьд хэвийн, 75 гаруй хувьд дунд зэрэг, 10 гаруй хувьд муу байна. Тус аймагт 4-7 дугаар сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, нутгийн зүүн болон өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим буюу ахиу орсон хэдий ч зуншлагын байдал дунд зэрэг, ургамлын ургалт тааруу, таана голдуу, ургамал тачир, сийрэг байгаа тул нэгжийн ургац муу, ургамлын үе шат гүйцээгүйн дээр малын тооны хэт өсөлт нь бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болжээ.

Аймгийн дүнгээр нутгийн 10 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой байгаа бол нутгийн 20 гаруй хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин, 70 хувьд гурав буюу түүнээс дээш олон дахин хэтэрч гарсан байдалтай байгаа аж.

Холбоотой мэдээ