Олон улсын оюутны спортын өдрийг гүйлтээр угтав

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-09-21 16:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9 дүгээр сарын 20-нд Олон улсын оюутны спортын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Оюутны спортын холбооноос оюутан залуусын буухиа гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн ням гарагт зохион байгуулав. 


"Бид хамтдаа" уриан дор, 19.920 метрийн зайд болсон гүйлтэд 12 их, дээд сургуулийн оюутнууд 1 багш 4 оюутнаас бүрдсэн тус бүрийн багтай оролцсоноос Э.Золжаргал дасгалжуулагчтай Үндэсний Биеийн тамирын дээд сургууль (ҮБТДС) тэргүүлж, О.Гантулга Үндэсний Батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн баг удаалж, Э.Баатарсүрэн дасгалжуулагчтай  МУБИС гуравдугаар байрт оров. 


Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар МУБИС-ийн оюутан Д.Мягмарсүрэн шалгарсан бөгөөд тэрээр 4980 метрийн зайг 16 минут 31 секундэд туулсан байна. ҮБТДС-ийн Т.Элбэг дээрх зайг 16 минут 50 секунд гүйснээр удаалсан байна. Шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан, МУБИС-ийн оюутан Д.Барсмаа мөн 4980 метрийн зайг 22 минут 25 секунд туулжээ. Гүйлтэд Говь-Алтай дахь АШУШИС-ийн оютунууд нийслэлд ирж оролцов. 


Ташрамд дурдахад, Олон улсын оюутны спортын өдрийг олон улсад 2016 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд манай улс энэ өдрийг 4 дэх жилдээ ийнхүү оюутны буухиа гүйлтийн тэмцээнээр угтлаа. 

Тэмцээний нээлтэд Монголын Оюутны спортын холбоо (МОСХ)-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Их, дээд сургуулиудын консерциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар, их, дээд сургуулийн удирдлагууд, багш нар, спортын холбоодын төлөөлөгчид оролцов. 


Монголын Оюутны спортын холбоо (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээн, 2017 онд Сайн дурын оюутны форум, 2018 онд их, дээд сургуулиудын багш нарын спортын хэлэлцүүлэг, 2019 онд Универсиадын хичээл, спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолтыг их, дээд сургуулиудтайтай хамтран зохион байгуулж иржээ.



Холбоотой мэдээ