Гадаад өр өмнөх улирлаас 352.9 сая ам.доллароор өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-09-21 18:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (3.8 хувь) тэрбум, өмнөх улирлаас 352.9 (1.2 хувь) сая ам.доллароор өсжээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээлэлд гадаад өрийн 35.8 хувь буюу 11.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.3 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Төв банкных байгааг тэмдэглэжээ. 

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 541.9 (24.1 хувь) сая ам.доллар, бусад салбарынх 403.0 (4.7 хувь) сая ам.доллароор багассан ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.4 (14.2 хувь) тэрбум, Засгийн газрынх 644.8 (8.9 хувь) сая, Төв банкных 50.0 (2.5 хувь) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 (14.3 хувь) их наяд, өмнөх улирлаас 1.4 (5.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд Засгийн газрын дотоод өр 147.7 (9.9 хувь) тэрбум, Засгийн газрын өрийн баталгаа 32.9 (3.0 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч Засгийн газрын гадаад өр 3.4 (17.7 хувь) их наяд, барих-шилжүүлэх төрлийн концесс 27.0 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Холбоотой мэдээ