"Хүндэт Элч" нарыг өргөмжлөв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-21 18:20:13
Баянхонгор /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн нутгийн захиргааны үйл ажиллагааг Баянхонгор аймагт таниулах "Хүндэт элч"-ийг өргөмжлөв.
Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR) нь 1996 онд байгуулагдсан Зүүн хойд Азийн зургаан улсын Засаг захиргааны нэгж буюу муж, аймаг, бие даасан хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус холбоонд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон улсын 77 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг. Баянхонгор аймаг тус холбооны гишүүн орон нутаг бөгөөд боловсрол, аялал жуулчлал, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
ЗХАНЗХ (NEAR)-ны гишүүн улс орон нутгуудад NEAR-ын үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гишүүн орон нутаг бүрээс манлайлагч нийгмийн зүтгэлтнийг “NEAR-ыг сурталчлах Хүндэт элч”-ээр өргөмжиллөө. Хүндэт элч нь Зүүн хойд Азийн бүсийн цор ганц орон нутгийн чанартай олон улсын байгууллага болох NEAR Холбоог орон нутагтаа таниулах үйл ажиллагааг сайжруулж цаашид Зүүн хойд Азийн бүсийн ард иргэдийн харилцааг идэвхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
Баянхонгор аймгаас тус холбооны Хүндэт элчээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Бага Шаргалжуут" ХХК-ийн захирал С.Готов, Баянхонгорын "Буган Халиун" ХХК-ийн захирал Ч.Чимэг-Очир нар томилогдож, хоёр жилийн хугацаанд холбооны үйл ажиллагааг сурталчлан таниулах, орон нутаг болон орон нутгаас бусад газрын үйл ажиллагаанд оролцоход NEAR Холбоог сурталчлах, онлайнаар тус холбооны мэдээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх, NEAR-ыг сурталчлах талаар цахим хуудсанд мэдээлэл байршуулах, NEAR Холбоог сурталчлахтай холбоотой бусад үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээлээ.
Хүндэт элчээр өргөмжилсөн элч нарт аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ЗХАНЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс “NEAR-ын Хүндэт элч” өргөмжлөлийг гардуулав.
Холбоотой мэдээ