“Чингис хаан ба түүний өв” симпозиум болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-21 19:25:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам, Туркийн Шинжлэх ухааны академи  хамтран Туркийн Алааддин Кейкубат Их Сургуулийг түшиглэн “Чингис хаан ба түүний өв” симпозиумыг энэ сарын 15-нд зохион байгуулжээ.


Симпозиумд Туркийн 12 их сургууль, музей судлаач, эрдэмтэд оролцож, Османы цуглуулгад буй Ил хаадын зурагт ном, Топкапы ордны номын санд буй  Ил хааны үеийн уран бичмэлүүд, монголчуудын Анатолид үлдээсэн уран барилгын нөлөө, Чингис хааны үеийн монголчуудын гоо зүйн ойлголт, Алунгоо эхийн домог, Чингис хааныг Турк болон Түрэг угсаатай орнуудад хэрхэн үздэг талаар илтгэл хэлэлцүүлжээ. Мөн Истанбулын архивт хадгалагдаж байгаа 13 дугаар зууны монгол гаралтай үгс, дурсгал, Туркийн музей, архивуудад хадгалж буй Чингис хаан, түүний залгамжлагчидтай холбоотой түүхэн дурсгал зэрэг Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн холбогдолтой 20 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Илтгэлүүд нь Туркийн архив, номын сангуудад буй олон нийтэд өмнө төдийлөн мэдэгдээгүй Монголын түүх, соёлын өвийг хөндсөн нь олон нийтийн сонирхлыг үлэмж татаж, судалгааны эргэлтэд оруулж буйгаараа чухал ач холбогдолтой боллоо.


Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд Туркэд байгаа Монголын түүх, соёлын өвийн талаар судалгааны бүтээл хамтран гаргах санал дэвшүүлжээ. Туркийн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Мухаффер Шекер тус симпозиумын илтгэлүүдийг эмхэтгэсэн бүтээл гаргах болон Чингис судлалын салбарт хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.


Чингис хааны музей байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадаадад буй Чингисийн өвтэй холбоотой зүйлсийг цуглуулах, судлах явдлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн бөгөөд энэ хүрээнд тус симпозиумыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ