Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-21 21:06:51

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-нд Ховд аймагт ажиллах үеэрээ иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонслоо.  

Уулзалтын эхэнд хүндэт индэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гадна орон нутгийн ахмад настан, иргэдийн төлөөллийг урьж, хамт суусан юм.   

Уулзалтын үеэр Ховд аймгийн иргэд хөдөлмөрчид нэлээд санал уламжиллаа. Үүнд төрийн байгууллагуудын төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах, Ховд их сургуульд суралцагчид “Оюутны зээлийн сан”-д хамрагдах боломжийг өргөжүүлэх, жолооч тээвэрчдийг дэмжин урамшуулах, зарим нийтийн орон сууцны үнэ ханшийг бууруулахад анхаарч ажиллахыг хүсэв.

Мөн хилийн боомтын хүндрэл бэрхшээлийг багасгах, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжих зэрэг асуудлыг хөндөж байсан юм.

Түүнчлэн монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хойч үеийнхэнд эх оронч үзлийг төлөвшүүлэх, “Чингис хаан”-ы хөрөг зургийг архины шилэнд нийтлэхээс татгалзах, төвөөс алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн нэмэгдэл олгох зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг орон нутгийн иргэдийн төлөөлөл хүслээ.  

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэрээ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочлов.  

Тус төвийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бельги улсын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд нийт 58 нэр төрлийн 102 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлсэн. Ингэснээр эмчилгээ, оношилгоо хийлгэх зорилгоор баруун бүсийн аймгаас Улаанбаатар хотыг зорьдог иргэдийн тоог бууруулах, орон нутагтаа эмнэлгийн чанартай үйлчилгээ, тусламж үзүүлэх боломжтой болжээ.

Цаашид тус төвийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор барилгыг өргөтгөх, мөн боловсон хүчний тоог нэмэх, чадавхыг бэхжүүлэх шаардлагатай гэж эмнэлгийн удирдлагууд танилцуулав. 

Холбоотой мэдээ