“Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлт боллоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-22 13:25:12

Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Соёлын цаг” нөлөөллийн аяныг улс орон даяар өрнүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Нийтийн номын сан, Музей хамтран “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр Намарзан төв”, Нэгдүгээр цэцэрлэг, “Орчлон плаза”-ийн урд талбайд тус тус зохион байгууллаа.

Энэ үеэр олон угсаатны язгуур урлагийг дэлхийн болон өөрийн орны сонгодог урлагтай хослуулан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажилладаг Монгол Улсын Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас" одонт Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон 10 гаруй урлагийн тоглолт сонирхуулсан юм.

Мөн Нийтийн номын сангаас гурван тасгийнхаа 200 гаруй ном, зохиолыг дэлгэсэн. Харин Музейн хамт олон домбоны төрөлжсөн үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болголоо. Эдгээр домбо нь 19-20 дугаар зууны үед хэрэглэж байсан, хэмжээ, ур хийцийн хувьд дахин давтагдашгүй онцлогтой аж.

“Соёлын цаг” нөлөөллийн аяны үйл ажиллагаа нь иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлахад чиглэж байгаагаараа онцлогтой. 

“Соёлын цаг” нөлөөллийн аяны үр дүнд соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ өргөжих, орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын биет болон биет бус өвийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд хэлж байв.   


Холбоотой мэдээ