Б.Буджаргал 12 цагийн гүйлтийн тэмцээнд түрүүллээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-22 13:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд улсад ням гарагт /2020.09.20/ зохион байгуулсан "Ургах нарнаас шингэх наран хүртэл” хэмээх нэртэй 12 цагийн хэт холын зайн гүйлтийн тэмцээнд дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлжээ.


Тэрбээр тус тэмцээний хамгийн олон тойрог тойрсон, хамгийн хол зай туулсан, хамгийн богино хугацаанд замаа туулсан зэрэг үзүүлэлтээр тусгай шагнал хүртжээ. Холын зайн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Б.Буджаргал хагас жилийн хугацаанд Тайландад олон өдрийн цуврал уралдаан, тэмцээнд бэлтгэн, бэлтгэл сургуулиа хийж байгаа аж.


Тэрбээр “COVID-19”-ийн улмаас олон сар гадаадад саатаж дасгалжуулагч, бариач, зөвлөхтэйгөө хамтарч ажиллах боломжгүй болж, санхүүгийн хувьд хүндрэл гарсан ч дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилгоор хэт холын зайн гүйлтийн олон өдрийн цувралд оролцох зорилго тавин, бэлтгэлээ базааж байна.


Б.Буджаргал 2020 оны сүүлээр АНУ-д болох зургаан өдөр, зургаан шөнийн болон 10 өдөр, 10 шөнийн гүйлтэд оролцож, энэ төрөлд дэлхийн аварга болсон амжилтаа бататгахын зэрэгцээ дэлхийн дээд амжилт тогтоохыг зорьж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ