Амны хаалт, халуун хэмжигчийг хэт үнэтэй худалдан авсныг шүүмжлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-22 14:18:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх аянаар цугласан хандивыг үрэлгэн зарцуулж байна гэж “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэрээ шүүмжлэв.


“Захиргааны шинэ санаачилга” ТББ-аас цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор зарцуулж буй улсын төсвийн хөрөнгө, гадаадын тусламж, дотоодын хандивын зарцуулалтад мониторинг хийжээ.


Тодруулбал, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын албан хаагчдын халдвар хамгааллын хувцас, хоолны зардалд зарцуулах 211.7 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч, амны хаалтыг зах зээлийн үнээс 2-3 дахин их буюу 700 төгрөгөөр, 2 ширхэг нь 12000 төгрөгийн үнэтэй зайнаас халуун хэмжигчийг нэгийг нь 200 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Түүнчлэн, нийслэлийн төрийн өмчит болон хувийн 337 цэцэрлэг, сургуулиас 227.2 сая төгрөгийн хандивыг 3 дугаар сарын 5-наас 4 дүгээр сарын 1-нд цуглуулжээ.


С.Цэрэнпүрэв хэлэхдээ, “Энэ нь хандив тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулах тухай хууль батлахаас өмнө болсон үйл явдал. Аливаа хандивын үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр, тухайн байгууллагын хурлын протоколоор баталгааждаг. Гэтэл дээрх сургууль, цэцэрлэгийн ажилчдын цалингаас шууд татаж авсан” хэмээн буруутгаад, хандив тусламжийн хөрөнгө, түүний зарцуулалтыг иргэдэд ил тод мэдээлэх, худалдан авалтыг хянах механизм ажиллуулах шаардлагатай гэв.  

Холбоотой мэдээ