“Аяны богц” үйл ажиллагааг өрнүүлж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-22 14:30:30

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас санаачлан аймгийн 18 сумын 88 багийн иргэд, хөдөлмөрчдөд төрийн байгууллагуудын мэдээллийг газар дээр нь хүргэх зорилгоор “Аяны богц” үйл ажиллагааг өрнүүлж эхэллээ. 


Уг үйл ажиллагаа 10 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжлэх ба есдүгээр сарын 21-нд тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан, Онцгой байдлын газрын дарга Б.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Эрдэнэ-Очир нар аяны богцыг сумдын төлөөлөлд гардуулж өглөө.

Энэхүү аяныг “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Говь-Алтай аймгийн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл”-өөс санхүүжүүлж буй бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулснаар малчид холбогдох салбаруудын талаарх төрийн бодлого шийдвэр, мэдээллийг гэрээсээ авч, өөрийн санал хүсэлтээ утсаар болон бичгээр илэрхийлж, тулгамдсан асуудлаа хурдан шуурхай шийдвэрлүүлэх боломж бүрдэх юм.

Уг богцод, шинэ тутам гарч байгаа хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр хөдөө аж ахуй, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, хүүхдийг болзошгүй эрсдэл, осол гэмтэл, ган зудаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий хуудсууд багтаж байгаа ажээ.


Холбоотой мэдээ