Вьетнам Улсын аялал жуулчлалын туршлагаас судална

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-22 14:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Вьетнам улсын аялал жуулчлалын салбар сүүлийн таван жилд эрчимтэй хөгжиж, дэлхийн стандартад хүрч чадсан улсын нэг. Тодруулбал, 2015 онд аялал жуулчлалын салбартаа эрс шинэчлэлт хийж, зоригтой шийдвэрүүд гаргаснаар өнгөрсөн онд түүхэндээ анх удаа гадны 18 сая жуулчин хүлээн авсан. Ингэснээр Вьетнам улс эдийн засагтаа 28 тэрбум долларыг аялал жуулчлалын салбараасаа төвлөрүүлжээ.


Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг: “Вьетнамчууд бид Монгол Улсыг гайхалтай онгон дагшин байгаль, найрсаг ард түмэн, бахархам түүх соёлоор нь мэддэг. Хоёр орны хамтын ажилагаа олон жилийн турш үргэлжилж, харилцан аялах иргэдийн тоо өссөөр байна. Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр эдийн засаг, нийгэм, соёл гээд олон талын хамтын ажиллагааны гүүр болдог. Бид энэ салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж чадвал олон ажлын үндэс тавина. Тулгарч байгаа нэг бэрхшээл нь хоёр орны шууд нислэг юм. Дамжин нисэх нь аялагчдад эдийн засаг болон цаг хугацааны хувьд хүндрэлтэй учир үүнийг шийдэж чадвал аялал жуулчлалын салбарын хөгжлийг нэг шат ахиулна” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Хоёр орны иргэд харилцан аялах нь нэмэгдэж байгаа ч Монголд ирэх жуулчдын тоо Вьетнамыг зорих манай иргэдийн тооноос хоёр дахин бага байгаа. Үүнд анхаарал хандуулж, Монгол Улсыг зорих танай улсын иргэдийн тоог нэмэхэд хамтран ажиллана гэж итгэж байна. Мөн Вьетнам улс Европын холбооны улсын иргэдийг визгүй зорчих, Хятад, Солонгос, Япон зэрэг 46 улсын иргэдэд цахим виз олгох зэрэг томоохон шинэчлэл хийж чадсан. Эдгээрээс Монгол Улс туршлага судалж, аялал жуулчлалын салбартаа нэвтрүүлэхийг зорьж байгаа.  Хоёр орны Засгийн газар хоорондын аялал жуулчлалын чиглэлээр 2005 онд хийсэн хэлэлцээрийг шинэчлэх, үүндээ тодорхой хэд хэдэн санал тусгах, аж ахуйн нэгжүүдийн оролцоог нарийн тодорхойлох гэх мэт санал тавьмаар байна. Таны хэлсэн хоёр орны шууд нислэгийн асуудлыг Зам тээвэр, хөгжлийн яам болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үр дүн гаргахад хамтран ажиллана” гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Монгол, Вьетнам хоёр орны 15 жилийн өмнө хийсэн Аялал жуулчлалын хэлэлцээрийг шинэчлэн батлах, харилцан туршлага судлах, хамтран ажиллах чиглэлд тодорхой алхамууд хийхээр сайдууд санал нэгдлээ.

Холбоотой мэдээ