Цагаан идээний брэнд бүтээгдэхүүний “багц” гаргана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-22 16:06:31

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд “Сүү, цагаан идээг уламжлалт аргаар үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч”-дийн уулзалт-хэлэлцүүлэг боллоо.   

Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд 1200 гаруй иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг. Үүнээс сүү, цагаан идээний бизнес эрхлэгч 30 гаруй иргэн бий.

Тэдний сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах ажилд тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, сав, баглаа боодол, хадгалалт хамгаалалтыг стандартын дагуу сайжруулах зэрэг олон асуудал тулгардаг аж.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэх, стандартын шаардлага хангасан шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг үе шаттай зохион байгуулах зорилгоор “Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэхүү уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулснаараа онцлогтой.

Тус хэлэлцүүлэгт Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Хан орд”, “Бугаан гол” зах болон хүнсний дэлгүүр, худалдааны цэгт сүү, цагаан идээний бизнес эрхлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр сүү, цагаан идээний чанар, аюулгүй байдал, зарим нэр төрлийг эко брэнд бүтээгдэхүүн болгох боломж, сав баглаа боодлын нэгдсэн жишиг стандартын талаар ярилцаж, харилцан санал солилцов.  

Хэлэлцүүлгийн үр дүнд эрүүл, баталгаат ааруул, сүүн бүтээгдэхүүнийг савлах, худалдаалах, хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн хаяг шошго бүхий “багц” гаргахаар боллоо.  Тус багцад шар ааруул, хорхой ааруул, шар тос гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн багтах ба олон улсын жишиг, стандартын дагуу боловсруулах аж.

Улмаар багц бүтээгдэхүүний сав, баглаа боодол хийх зардлын тодорхой хувийг Үйлдвэрлэгч Жаргалант хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бизнесийн орчинг сайжруулах, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд анхаарч, цагаан идээ боловсруулах үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх, мэдээлэл түгээх тогтолцоог бий болгох аж.

Холбоотой мэдээ