С.Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-22 17:11:48

НЬЮ-ЙОРК. /РИА Новости/. Дэлхий дахин эв нэгдэлгүй байдлаас залхжээ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы өндөр түвшний долоо хоногийн үеэр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын өмнөөс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ мэдэгджээ.


“Харамсалтай нь өнөөдрийн байдлаар дэлхийн бус нутгуудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Үүнээс гадна олон улсын терроризм, хар тамхи, кибер гэмт хэрэг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг цаг үеийн томоохон аюул заналхийллүүд нэмэгдэж байна. Энэ онд коронавирусний цар тахал гэх дахин нэг сорилттой тулгарсан нь нийгэм, эдийн засаг болон бусад салбарт ноцтой хямрал дагуулсан юм. Хөндий байдал улам нэмэгдэж буй нөхцөлд олон улсын асуудлуудад хариу арга хэмжээ авах явц жилээс жилд улам хэцүү болж байна. Ийм нөхцөл байдал үүссэн нь зарим улс орны бусад улсын хууль ёсны ашиг сонирхолд нийцэх хүсэлгүй байгаатай нь холбоотой юм. Энэ нь улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг завдах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн онцгой эрхийг зөрчиж дангаар хориг арга хэмжээ авах, үл тэвчих, үзэн ядах үзэгдлүүдийг дагуулж байгаа юм. Гэсэн ч түүхийн хүрд өөрчлөгдөхгүй. Өнөөдөр эдийн засгийн өсөлтийн шинэ төвүүд хүчээ бэхжүүлж, энх тайван замаар зэвсэгт мөргөлдөөнийг зохицуулах шаардлага хүчээ авч, харилцан хамааралтай байдал улам их болж байна. Дэлхий дахин хөндий байдлын чиг шугам, улс орнуудыг “чинийх”, “минийх” гэж ялгаж салгахаас залхаж, бүх талаараа харилцан туслалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, 75 жилийн өмнө НҮБ байгуулагдсаны зорилго илүү бодитой болж байна” гэж үзэж байгаагаа тэрбээр мэдэгджээ.


Түүнчлэн түүхийг эргэн харж, фашизмыг ялахад шийдвэрлэх хувь нэмрээ оруулсан ард түмний үүргийг доогуур үнэлэх оролдлогыг утгагүй гэж үзэж байгаагаа С.Лавров хэлэв. Өнгөрснөөс авсан сургамжаа санаж, чөлөөлөгч дайчдын гавьяаг хүндэлж, тэдний алдар гавьяаг үнэлэн босгосон хөшөө дурсгалуудыг хадгалан авч үлдэхийг  тэрбээр уриалжээ.


Өнөөгийн нөхцөлд НҮБ зүйл заалтуудтайгаа чанд нийцүүлэн цэгцтэй үйл ажиллагаа явуулдаг үр дүнтэй байгууллага хэвээр үлдэж, бүтцэд нь байдаг үндсэн байгууллагуудынхаа бүрэн эрхийг элээж, давхардуулахыг зөвшөөрөх ёсгүй гэж С.Лавров мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ