"Далай ээж" төслийг Хөвсгөл нуураа хамгаалахад үр дүн гартал хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-22 17:48:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Далай ээж" төслийг Хөвсгөл нуурыг хамгаалахад үр дүн гартал үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" гэж "Эко соёл сан"-гийн тэргүүн, хуульч Т.Саруул Хөвсгөл нуурын хамгаалалтын талаар "Бишрэлт" зочид буудалд өнөөдөр болсон олон талт уулзалт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ. 

Дээрх сан өнгөрсөн онд иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнүүдийн хамт олон улсын төлөөлөгчдийг оролцуулан Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай ээж” олон улсын төслийг эхлүүлсэн юм. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурыг хамгаалах нь зөвхөн Монгол Улс төдийгүй, олон улсын анхаарлыг хандуулах уриалга гаргаж соёл, урлагаар нөлөөлөх, оршин суугаа иргэдийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа явуулсан юм. Энэхүү төсөл 2 дахь жилдээ хэрэгжиж буй аж. 




Хөвсгөл нуурыг хамгаалах ямар нөхцөл байдал үүсэж, ямар түвшинд хүрээд буйг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндлөө. Үүнд, нэгд байгаль экологид гарч буй дэлхийн дулаарлаас үүдэлтэй хуурайшилт газар зүйн хувьд гарч буйг ургамал судлаач, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа тавьсан илтгэлдээ онцлов. 

Тэгвэл сүүлийн жилүүдэд хүний хүчин зүйлээс хамаарч Хөвсгөл нуурын орчим хог хаягдалд дарагдаж, аялал жуулчлал нэрээр газрын зөвшөөрлийг замбараагүй олгосон нь ихээхэн сөрөг нөлөөтэйг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн А.Амартүвшин мэдэгдэж байв. Тэрээр, энэ зун Хөвсгөл нуурт 30 гаруй мянган хүн аялсныг дуулгаад, эко аялал гэдэг хогоо замбараагүй хаяж байгаль орчиндоо сөрөг ул мөр үлдээхийг хэлэхгүй, энэ нь иргэдийн ухамсар, соёлтой шууд холбоотойг дурдаж байв.


 

Хэлэлцүүлгийг зохион байгуулагч "Эко соёл сан"-гийн гүйцэтгэх захирал, сэтгүүлч Д.Даваадулам хэлэхдээ, "Эхлээд бид далай ээжид юу сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нотолж гаргаж байна. Ингэж байж бид Хөвсгөл нуураа хэрхэн яаж хамгаалахыг ярих учиртай. Энэ талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр ч үргэлжлүүлэн хөндөж байна. Бид байгаль орчноо хамгаалахдаа тухайн бүсэд оршин суугаа иргэдийн нөхцөл байдал, эрх ашгийг мөн хамтад нь цогцоор харж байж тулгамдсан асуудлыг шийдэх ёстой. Тодруулбал, судлаачдын нүдээр, иргэдийн нүдээр хамтад харах хэрэгтэй"-г тодотгосон юм. 


Хөвсгөл нуурыг хамгаалах хэрэгтэй тухай олон жил ярьж байгаа ч үр дүн нь хэр гарсан, яаж гарах юм гэдэг талаар "Эко соёл сан"-гийн тэргүүн, хуульч Т.Саруулаас тодруулахад, тэрээр, энд юуны өмнө байгаль орчинд гарч буй сөрөг нөлөөллийг иргэд, орон нутгийн захиргаа, ТББ-ууд хянахаас эхэлнэ. Ингэхдээ тогтвортой хянах хэрэгтэй. Мөн энд төрөөс байгаль орчиндоо сөрөг шийдвэр гаргадаг байдал их нөлөөлж буйг онцолж, үүнийгээ "Манайд тусгай газрын хамгаалалтын тухай, байгаль орчны хууль эрхзүй хангалттай байгаа ч хэрэгжихгүй байна" гэдгээр тайлбарлав. Тэрээр мөн, ядаж л манай улс Хөвсгөл нуурыг хамгаалах хууль гаргавал хэрэгждэг, хэрэгждэггүй олон хууль бүхий эрхзүйн байдал цэгцэрч байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй хүн хүчний зөрчил арилна гэдгийг тодотгов.




"Эко соёл сан", "Хөвсгөл далай ээж" нийгэмлэг ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан өнөөдрийн хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн геоэкологийн хүрээлэн болон Ус цаг уур, орчны шинжилгээний газрын судлаач, мэргэжилтнүүд оролцлоо. 

Хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн 7 дугаар сард Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газартай танилцаж сурвалжилсан зарим сэтгүүлчийн “Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа.   


Холбоотой мэдээ