Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-22 20:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзав. 


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.  


Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар ярилцав.

Холбоотой мэдээ