Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-22 23:03:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.09.22/ Говь-Алтай аймагт ажиллалаа. 


Ерөнхийлөгчийг Алтай хотод ирэхэд нь Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайд цэргийн хүндэт жагсаал угтан авсан юм. Тэрээр АШУҮИС-ийн Говь-Алтай салбар сургууль болон "Тайшир Гуулин" усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгад ард иргэдтэй уулзан улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо. Үүнээс гадна дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулав.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг хүндэтгэлтэйгээр гардуулж баяр хүргэлээ.

Энэ жил Говь-Алтай аймгаас “Эхийн алдар” одонг нийт 186 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 8, Хоёрдугаар зэргийн одонг 178 ээжид гардуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одонг гардуулсныхаа дараа баяр хүргэж:

“Ээжүүд эхчүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаад тань талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 9957 гаруй ээжид “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан байгаа.

Өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ зарим эхчүүдийн одонг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, утга учир болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Тийм учраас эхчүүд та бүхний нөр их хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн. Та бүхэнд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, дахин дахин баяр хүргэе” хэмээсэн юм.


Холбоотой мэдээ