Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2020” хээрийн сургууль ирэх сард болно

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-09-23 10:57:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-тай хамтран зохион байгуулдаг “Сэлэнгэ-2020” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн III шатны төлөвлөлтийн цахим хурал 9 дүгээр сарын 22-нд боллоо.


Төлөвлөлтийн хурлын үеэр хоёр тал хамтарсан сургуулийн зорилго, үе шат, явагдах цаг хугацаа, боловсруулах асуудлыг бататгаж, оролцох бүрэлдэхүүнийг тодотгосон байна. Түүнчлэн дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдалд уялдуулан өөр, өөрийн нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулахад анхаарах зүйлсийн тухай дэлгэрэнгүй ярилцжээ.


Энэ удаагийн хээрийн сургуулийг терроризмын эсрэг хамтын ажиллагаанд бэлтгэх, хууль бус зэвсэгт бүлэглэлийг хөрш орны Зэвсэгт хүчний байлдааны салбарын болон тактикийн агаарын десанттай хамтын ажиллагаатайгаар бүслэн хааж, устгах чиглэлээр явуулах сэдвийн дагуу хийхээр төлөвлөсөн байна.

Мөн ирэх сард хээрийн сургуулийг виртуал видео хурлын системээр зохион байгуулах бөгөөд холбоо мэдээллийн системийн бэлтгэлийг хангахад хоёр орон аль аль талаасаа анхаарч ажиллахаа илэрхийлж, санал нэгджээ.


Энэхүү хуралд Монгол Улсын талаас БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Цэргийн агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, тус командлалын Артиллерийн офицер, хурандаа С.Ганбаяр, Цэргийн соёл, сургалт хүмүүжлийн хэлтсийн сэтгэл зүйн хангалтын офицер, ахлагч дэслэгч Ц.Ганбат нар оролцлоо.


Харин ОХУ-ын талаас “Дорнод” цэргийн тойргийн Тээврийн хангалтын удирдлагын газрын дарга, хурандаа Э.Б.Майоров, тус тойргийн Цэргийн олон улсын хамтын ажиллагааны тасгийн дарга, ахмад М.С.Чикунов нар оролцов.

 

 


Холбоотой мэдээ