"Намрын ногоон өдрүүд-2020"-ын шилдгээр Өмнөговийн ногоочид шалгарлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-23 13:48:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд-2020" үзэсгэлэн худалдаанд энэ жил Өмнөговь аймгийн ногоочид идэвхтэй оролцож шилдгээр шалгарлаа. Тус аймгаас энэ удаа 4 сумын 15 ногоочин 50 тонн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ дэлгэн оролцсон юм. Мөн даршилж нөөцөлсөн хүнсний 4800 бүтээгдэхүүнтэй оролцож 120 сая гаруй төгрөгийн борлуулалт хийжээ. 

Ийнхүү хамгийн сайн зохион байгуулалттай оролцож шилдэг аймгаар шалгарсан шагналыг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагч ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь гардуулав. Тус аймгийн ногоочид 2017 онд БНСУ-ын мэргэжилтнүүд болон ХААИС-ийн багш нартай хамтран хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулж, улмаар энэ оноос Говийн бүсийн үр, үржүүлгийн төв болгон өргөжүүлжээ. 


"Намрын ногоон өдрүүд-2020" үзэсгэлэн худалдаанд оролцогч шилдэг сумаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ногоочид мөн шалгарлаа. Тус сумын ногоочид газар тариалангийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, сонгино, сармисны нэр төрлийг нэмэгдүүлэн, үзэсгэлэнд 14 ногоочин оролцож 0.8 тн сармис,1.5 тн сонгино борлуулж нийт 42.5 сая төгрөгийн орлого олжээ. Удаалаад үзэсгэлэн-худалдааны:

  • шилдэг байгууллагаар ХААИС-ийн "Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландщафтын тэнхим,
  • шилдэг хоршоогоор нийслэлийн Хан-Уул дүүргийн "Туул Алтан хөрш" хоршоо 10 гару йнэр төлийн хүнсний ногоо тариалж, 3 тонн төмс, 0.5 тонн тарвас, хулуу, 0.2 тонн лооль, 7 төрлийн 500 гаруй нөөшилсөн бүтээгдэхүүн борлуулснаар, 
  • шилдэг ААН-ээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Бэлшэр-Эх" ТББ тус тус тодорлоо. 


Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочноор Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин А.Отгончимэг, мөн шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан хүлэмжийн аж ахуйгаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин С.Ширнэн, хамгийн их олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочноор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Б.Цэцэгээ, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ногоочин М.Ариунаа, хамгийн их төмс борлуулсан ногоочноор Увс аймгийн Улаангом сумын ногоочин П.Янжин, шилдэг жимсчнээр Өмнөговь аймгийн Булган сумын жимсчин Г.Энхтуяа тус тус шалгарчээ.




Холбоотой мэдээ