Төрийн байгууллагууд шилэн дансанд мэдээллээ тавихгүй байгааг шүүмжлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 15:29:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагууд шилэн дансны цахим хуудсанд мэдээллээ тавихгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

“Үнэн хатамж” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, "Энэ оны наймдугаар сарын 30-ны байдлаар төсвийн 54 ерөнхийлөн захирагчаас 24 нь мэдээллээ байршуулаагүй байна. УИХ-ын дарга, Сангийн сайдаас эхлээд Нийслэл, Дархан, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Ховд аймаг  мэдээллээ оруулахгүй байгаа нь хяналт тавих боломжийг хааж байна. Монгол Улсын төсвийн төсөл, гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийн хэрэгжилт ч хангалтгүй байна" гэв.

Засгийн газар 2021 оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө төсөвт хэмнэж болох урсгал зардал тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны гар утас, унаа, бензин, хоолны хөнгөлөлтийг хасуулахад дуу хоолойгоо нэгтгэхийг уриаллаа. Мөн 54 ажилтантай Үндсэн хуулийн цэц 2021 онд 5,6 тэрбум төгрөгийн барилга, 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж төсөвлөсөн нь нэг ажилтанд 114 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгоно гэсэн үг. Энэ хэмжээний мөнгөөр нэг байгууллага санхүүжүүлэх хэрэгцээ байгаа эсэхийг эргэж харахыг сануулаад хариуцлагын механизмыг сайжруулах шаардлагатайг дээрх ТББ-ын мониторингийн багийнхан онцоллоо.

“Үнэн хатамж” ТББ нь төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийн ил тод байдлын тухай судалгааны тайлан гаргадаг юм

 

Холбоотой мэдээ