Шилдэг 10 шатарчин 7 хоног оюун ухаанаа уралдуулна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-23 14:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол шатарчдын өдөрт зориулсан хаалттай тойргийн тэмцээн МҮЭ-ийн Төв зөвлөлийн байранд 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Спортын уралдаан тэмцээн хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан Монголын шатрын холбоо /МШХ/-ноос есдүгээр сарын 22-28-нд уг тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Монголын шилдэг мастерууд оролцож байна.


Тодруулбал, Их мастер Б.Хатанбаатар, чансаа 2318, Их мастер Д.Шаравдорж, чансаа 2370, Их мастер Б.Гүндаваа, чансаа 2493, Их мастер Ц.Батчулуун, чансаа 2534, Их мастер Г.Мөнхгал, чансаа 2501, Олон улсын мастер Н.Баттулга, чансаа 2398, Олон улсын мастер Д.Батсүрэн, чансаа 2481, Дэлхийн шатрын холбооны мастер М.Гүнбаяр, чансаа 2255, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Алтантуяа, чансаа 2287, Спортын мастер Б.Ариунбүүвэй, чансаа 2259 нарын 10 шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа аж.


Ташрамд сонирхуулахад, МШХ анх 1955 оны наймдугаар сарын 10-нд Швед улсын Гётебург хотноо зохион байгуулсан Дэлхийн шатрын холбооны Конгрессоор Дэлхийн шатрын холбоо /FIDE/-нд гишүүнээр элссэн түүхтэй. Уг өдрийг “Монгол шатарчдын өдөр” хэмээн уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил МШХ FIDE-д элссэний 65 жилийн ойн баяр тохиож байна. Ирэх жилүүдэд уг тэмцээнийг улам өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж, цар тахлын хорио цээр бүрмөсөн тавигдсаны дараа олон улсын шилдэг шатарчдыг урилгаар оролцуулах юм байна.

Холбоотой мэдээ