“Эрдэнэс-Тавантолгой” ХК 66.5 сая тн нүүрс олборлоод байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 20:15:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, тус байнгын хорооны гишүүн Т.Энхтүвшин, Т.Аубакир, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өчигдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтай танилцсан.

УИХ-ын гишүүд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхой болгох, шаардлагатай судалгаа, хөгжлийн ажлыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ төрөл бий болгох бодлогыг дэмжих, эрх зүйн орчинг сайжруулах санал дүгнэлтийн төсөл боловсруулахаар орон нутагт ажиллав.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ, “Компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Хувьцаа эзэмшлийн бүтцийн хувьд төрийн эзэмшил 85.2, Монгол Улсын 2.5 сая иргэн 14.75, аж ахуйн нэгжүүд 0.05 хувийг эзэлдэг. Шинээр хийж буй JORC аргачлалын нөөцийн үнэлгээгээр өмнө нь тооцсон ордын нүүрсний геологийн нөөц болох 7.3 тэрбум тонн нэмэгдэх төлөвтэй. Нийт геологийн нөөцийн 75 хувийг коксжих нүүрс эзэлдэг. Байгуулагдсанаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ энэ оны 7 сард олборлосон”-ыг хэлэв.

Тэрбээр, Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэж, охин хараат компаниуд үүсэн бий болсонтой холбоотой холдинг компани болж өргөжих шаардлага үүссэн гээд 2016-2019 оны санхүүгийн үзүүлэлтийн өссөн дүнг гишүүдэд өглөө. Компани байгуулагдсанаас хойших нийт нүүрс олборлолт энэ оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 66.5 сая тоннд хүрээд байгаа. Энэ оны борлуулалтын орлогын 50 хувийг зөвхөн 7-9 дугаар сард олсныг мэдээлэв.

Энэ үеэр компанийн үнэ цэнийг өсгөх төсөл хөтөлбөр болох техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, конвейрийн систем, усан хангамж, ачилтын нэгдсэн төв байгуулах төсөл зэргийг танилцуулж, УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой зарим мэдээллийг тодруулан санал солилцлоо.

Холбоотой мэдээ