Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-23 16:03:22

ВАШИНГТОН. /TASS/. БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан Уйгарын өөртөө засах орноос /ШУӨЗО/ зарим бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим баталжээ. Баримт бичгийг Конгрессын 406 гишүүн дэмжиж, 3 хүн эсэргүүцжээ.


Энэхүү санаачилгад хууль тогтоогчдын үзэж байгаагаар, албадан хөдөлмөр эрхлүүлсний дүнд гарган авсан эдгээр бүтээгдэхүүнийг олж авахыг хоригложээ. Ийм бүтээгдэхүүн нь албан хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй гэдгийг АНУ-ын Гааль, хилийн алба шийдвэрлэхээс нааш импортыг хориглосон хэвээр байх аж.


Одоо энэ асуудлаар Сенатад санал хураалт явуулах ёстой аж. Тийнхүү хуулийн төсөл батлагдвал Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар илгээнэ.


Хөвөн даавуун бүтээгдэхүүн, томат зэрэг Шинжаанд үйлдвэрлэгдсэн зарим бүтээгдэхүүнд Цагаан ордон хязгаарлалт тогтоох тухай “Reuters” агентлаг 9 дүгээр сарын 8-нд мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан үндэсний компаниудаа хамгаалахын тулд манай улсын Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 орчим хувийг хангадаг бөгөөд үүний дийлэнх хэсгийг Шинжаанд үйлдвэрлэдэг байна. Шинжаан Уйгарын өөртөө засах оронд исламын шашинт үндэстний цөөнх уйгурчууд амьдардаг. 

Холбоотой мэдээ