Ургац хураалт 21 хувьтай байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-24 11:55:21

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд ургац хураалт 21 хувьтай явж байгаа тухай Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Тус аймаг энэ онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт эрхэлсэн бөгөөд урьдчилсан балансаар үр тариа 87.964 тонн, төмс 155.950 тонн, хүнсний ногоо 22.758 тонн, тэжээлийн ургамал 51.843 тонн, тосны ургамал 8.463 тонн нийт 326.978 тонн ургац хурааж авах төлөвтэй байгаа аж.

Үүнээс энэ сарын 22-ны байдлаар үр тариа 1540 га-гаас, ургац 2195 тонн, төмс 5354 га-гаас 74358 тонн, хүнсний ногоо 402 га-д хураалт хийж 24,1 хувьтай одоогийн байдлаар тариа хураалтын ажил хэвийн явж байна. Мөн 12500 га талбайд малын тэжээл тариална гэсэн тооцоололтой байсан боловч энэ жилийн хувьд төлөвлөснөөсөө хоёр дахин давуулан тариалсан бөгөөд нийт 24870 га-д тариалж одоогийн байдлаар 1556 га-гаас 4192 тонн хураасан байна. Тиймээс ирэх сарын нэгнээс тэжээлийн ургамлын хураалт жигдэрнэ гэж аймгийн газар тариалангийн албаны дарга. С.Ганчимэг хэллээ.

Тус аймгийн Эрдэнэсант, Жаргалант, Баянцогт сум нэгжийн ургац сайн байгаа бол Баянчандмань сум тариалангийн талбайн ашиглалтаа нэмэгдүүлж жилдээ 1500 га талбайд тариалалт хийдэг болсон байна. Харин энэ жилийн хувьд малын тэжээл 2609 га-д тариалжээ. Иймээс Баянцогт сум сүүлийн гурван жилд нэгжийн ургацаараа аймагтаа тэргүүлж байгаа бол Эрдэнэсант сум нийт хураан авсан ургацаараа тэргүүлэн ажиллаж байгаа аж. Тиймээс аймгийн нийт хүн амыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангаж чаддаг бөгөөд улсад үр тариа 30 хувь, төмсний 65 хувь, хүнсний ногоо 26 хувь, тэжээлийн ургамлын 57 хувийг хангаж ажилладаг гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас онцоллоо. 

Холбоотой мэдээ