Израилд тогтоосон хорио цээрийг чангатгана

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-24 11:56:45

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Коронавирусний халдварын хоёр дахь давлагааг даван туулахын тулд долоо хоногийн өмнө тогтоосон хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 25-наас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд чангатгана гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.


“Израилчуудын амь насыг аврахын тулд бид энэ баасан гаргаас эхэлж, Симхат Тора баяр дуусах хүртэл хорио цээрийн хатуу дэглэм зарлах ёстой. Үүний дараа дахин хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтооно, тийм ч хатуу биш гэж найдаж байна. Гэхдээ урьдчилж хэлэхэд бүх зүйл өвчлөлийн үзүүлэлтээс хамаарна” гэж тэрбээр коронавирустэй тэмцэх засгийн газрын комиссын хуралдааны үеэр сайд нарт хандаж үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


"Израилд өвчлөл ихсэж, хүнд өвчтэй хүмүүсийн тоо, нас баралтын тоо нэмэгдэж байна" гэж Нетаньяху тэмдэглэжээ. "Коронавирусний халдварын хоёр дахь давлагаа дэлхийн бүх улс орныг төдийгүй манай улсыг ч хамарч байна. "Хатуу арга хэмжээ авахгүй бол бид баларна" гэсэн шинжээчдийн дүгнэлтийг бид сүүлийн хоёр өдөр сонслоо” гэж тэрбээр хорио цээрийг чангатгах шаардлагатай байгааг тайлбарлажээ.


Коронавирустэй тэмцэх Засгийн газрын комисс мягмар гаргийн өглөө 09:00 цагт болон лхагва гаргийн өглөө 8:00 цагт хуралдсан боловч ямар нэг шийдвэр зарлаагүй байна. “Yedioth Ahronoth” сонинд мэдээлж буйгаар, Израилын Засгийн газрын гол сайд нар зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд, мөн үйлдвэрлэлийн мөчлөгийг зогсоож болохгүй аж үйлдвэрийн үйлдвэрүүд л ажиллах “бараг л агаар нэвтрэх боломжгүй хорио цээрийн дэглэм” тогтоох шийдвэрийг коронавирустэй тэмцэх комисстой зөвшилцөлгүй гаргажээ. Хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэрийг пүрэв гарагт болох сайд нарын танхимын санал хураалтын үеэр батлах төлөвтэй байна.


Израилд тархсан коронавирусний нөхцөл байдал

Израилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, тус улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 24 цагт 6667-гоор нэмэгдэж, 200041 болсон байна. Нэг хоногийн дотор 31 хүн нас барснаар нас барсан нийт тохиолдлын тоо 1316-д хүрчээ. Одоогийн байдлаар 54322 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 634-ийнх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд 171 өвчтөнд амьсгалын аппарат залгажээ.


Есдүгээр сарын 18-нд Израилд энэ жилийн хувьд хоёр дахь удаагийнх болж буй хорио цээрийн дэглэм эхэлсэн бөгөөд энэ нь дор хаяж 10 дугаар сарын хоёр дахь арав хоног эхлэх хүртэл үргэлжлэх юм. Израилд хорио цээрийн дэглэм тогтоосон эхний хугацаа гуравдугаар сараас тавдугаар сар хүртэл үргэлжилсэн бөгөөд ихэнх хязгаарлалтыг цуцалсны дараа коронавирусний халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ