Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-09-25 08:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт энэ сарын 23-нд болов.


Уулзалтаар Гадаад хэргийн сайд нар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг хөгжүүлэх “Венийн үйл ажиллагааны 2014-2024 оны хөтөлбөр”-ийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээл, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга зам, хамтын чармайлт зэрэг асуудлыг хэлэлцэн, байр  сууриа  илэрхийлсний  зэрэгцээ "COVID-19" цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөөллийг бууруулах талаар мэдээлэл, санал солилцсон байна.


Уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцон, "COVID-19"-ийн үед “Тогтвортой хөгжлийн 2030  хөтөлбөр”,  “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд оруулж буй үндэсний хувь нэмрийн талаар мэдээлж, Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.


Мөн тэрээр Улаанбаатар хотноо төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, тус байгууллагыг дэмжихийг НҮБ-ын гишүүн улс орнууд, хөгжлийн  түншүүд, оролцогч талуудад уриаллаа.


Уулзалтаар ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нар “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх Сайд нарын тунхаглал болон хөтөлбөрийн хэрэгжилтийг бэхжүүлэх замын зураглалын төслийг тус тус батлав. Эдгээр баримт бичигт “Венийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх, "COVID-19" цар тахлыг даван туулах, түүний сөрөг нөлөө, үр дагаврыг бууруулах зөвлөмжийг тусгасан байна.

Холбоотой мэдээ