Дохионы хэлний хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-25 09:41:14

Архангай /МОНЦАМЭ/. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл бол дохионы хэл юм. Манай дэлхий дээр 200 гаруй үндэстэн дохионы хэлээр хоорондоо харилцдаг бөгөөд тэрхүү үндэстэн бүрийн дохионы хэл нь тухайн үндэстний соёл, онцлогийг өөртөө шингээсэн байдаг. Тэр дундаа үндэсний дохионы хэл нь нийгэмдээ тэгш хамрагдан оролцох боломжийг сонсголгүй хүмүүст олгодог. Дэлхийн сонсголгүй иргэдийн нийгэмлэгийг анх 1951 онд Итали улсын Ром хотод үүсгэн байгуулаад энэхүү хурлаар Дэлхийн сонсголгүй иргэдийн эрхийн өдөртэй болгох талаар ярьсан. Ингээд Олон улсын “Сонсголгүй иргэдийн долоо хоног”-ийг 1958 оноос жил бүрийн 9-р сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэж эхэлсэн байна. Энэ өдрүүдийг Монгол Улсад 2005 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн. Үүний дотор монгол дохионы хэлний хэрэглээг нэмэгдүүлж, дохионы хэлний эрхийг хүн бүрт бодитоор олгоход нэгдэцгээх, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийж ирсэн байдаг.

Архангай аймагт нийт 3539 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс зөвхөн сонсголын бэрхшээлтэй 319 иргэн байдаг. Эдгээрийн 80 орчим хувь нь дохионы хэлээр ярьдаг байна. Харин аймгийн хэмжээнд дохионы хэл мэддэг 4-5 хүн байдаг нь сонсголгүй хүмүүсийн нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход нь хүртээмжтэй биш үйлчилгээний газруудад дохионы хэлмэрч байхгүйгээс авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чаддаггүй гэх мэт бэрхшээлүүд байна.

2009-2016 онд ФЛОМ байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төслийн хүрээнд сонсголгүй иргэдийг дохионы хэлээр суралцуулах өдрийн анги тогтмол хичээллэж, мөн орон нутгийн төр болон үйлчилгээний байгууллагуудын албан хаагчдад дохионы сургалтыг хэсэгчлэн зохион явуулдаг байжээ. Харин сүүлийн 2018-2020 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс 2-3 үе шаттайгаар дохионы хэлний сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа ажээ.

Холбоотой мэдээ