Хонконгийн идэвхтэн Жошуа Вонг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-25 09:19:37

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн ардчиллыг дэмжигч идэвхтэн Жошуа Вонг өнгөрсөн онд зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон хэмээн сэжиглэж баривчилжээ.


Хонконгийн Цагдаагийн газар болон бусад эх сурвалжийн мэдээлснээр, 23 настай Ж.Вон болон ардчиллыг дэмжигч бүлгийн 74 настай гишүүнийг 2019 оны 10 дугаар сард болсон зөвшөөрөлгүй цуглаанд оролцсон хэмээн үзэж, пүрэв гарагт баривчилсан байна.


Цагдаа нар Ж.Вонг пүрэв гаргийн орой барьцаагаар сулласан бөгөөд тэрбээр, “Хонконгийн оршин суугчид бууж өгөхгүй гэдгийг харуулахын тулд юу ч болж байсан хамаагүй эсэргүүцлээ үргэлжлүүлэн илэрхийлэх болно гэж хэлжээ. 


Ж.Вонг мөн өнгөрсөн онд болон энэ онд болсон жагсаалд оролцсон хэмээн буруутгажээ. Түүнийг тэдгээр хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгөхөөр Цагдаагийн газарт очих үеэр баривчилсан байна.


Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль энэ оны зургаадугаар сарын сүүлээс хэрэгжиж эхэлснээс хойш эрх баригчид ардчиллыг дэмжсэн жагсаал цуглааныг зогсоохын тулд идэвхтнүүдийг баривчлах ажиллагааг эрчимжүүлжээ.


Ирэх даваа гарагт Ж.Вон болон бусад идэвхтнээр ахлуулсан, ардчилсан сонгууль явуулахыг шаардсан “Шүхэр” хөдөлгөөн өрнөж эхэлсний зургаан жилийн ой болох аж. Түүнчлэн 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны ой тохиох юм.


Хонконгийн ардчиллыг дэмжигч бүлгүүд эдгээр тэмдэглэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулах жагсаал цуглаанд оролцохыг олон нийтэд уриалж байгаа бол эрх баригчид ч мөн тууштай идэвхтнүүдийг баривчлах байдлаар жагсаал цуглааныг хязгаарлахыг оролдож байгаа бололтой байна. 

Холбоотой мэдээ