Орон нутгийн сонгуульд 17 161 хүн нэр дэвшинэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-25 13:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх сарын 15-нд болно. Уг сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн дагуу зохион байгуулна. Энэ сонгуулийн бэлтгэл ажил дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн.  Аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо ажиллаж байна. Сумын 330, дүүргийн ес, хэсгийн 2141 хэсгийн хороо байна. Эдгээр хороодод нийт 18 мянга 534 хүн ажиллаж байна. Үүн дээр УБЕГ-ын итгэмжлэгдсэн ажилтан болон цагдаагийн алба хаагчид, мэдээллийн технологийн ажилтнууд нэмэгдэх юм. 


Нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд, нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 20-ны дуустал явагдсан.  Бүртгэсэн нэр дэвшигчдэдээ үнэмлэхийг орон даяар нэг өдөр буюу энэ сарын 30-нд гардуулж өгнө. Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөх гэж байна. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 нэр дэвшигч өрсөлдөх тоо гарч байна" гэв. 

Холбоотой мэдээ