"COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх асуудлаар туршлага солилцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-25 13:40:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) болон ХӨСҮТ хамтран халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд видео хэлэлцүүлгийг энэ сарын 22-нд зохион байгуулав.


Тус эмнэлгүүд “Тайванийн “COVID-19”-ийг эмчилж буй туршлагаас хуваалцах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй анхдугаар видео хэлэлцүүлэг гэдгээрээ онцлогтой.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 313 тохиолдол бүртгэгдээд байна. Өөрөөр хэлбэл Монгол орны дотоодод уг өвчний тохиолдол гараагүйн зэрэгцээ уг вирусний халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сараас эхлэн халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлсэн бөгөөд маш үр дүнтэй тэмцсээр ирлээ. Цар тахлын нөхцөл байдал намжаагүй байгаа энэ цаг үед бид гар нийлүүлэн хамтдаа вирусний халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хамтран зохион байгуулж буй видео хэлэлцүүлгээр дамжуулан Тайвань, Монголын талууд туршлага хуваалцаж буй явдал нь халдварт өвчинтэй тэмцэх үйл хэргийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Тайванийн Засгийн газар, Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар болон Тайванийн аж ахуйн нэгжүүд ч мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эд хэрэглэгдэхүүн, эд материалыг ХӨСҮТ-д хандивлаж, манай хамт олны ажилд дэмжлэг үзүүлж байсанд гүнээ талархаж байна” гэв.

 

“Энэхүү анхдугаар видео хэлэлцүүлэг нь хоёр эмнэлгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх болон шинэ төрлийн коронавирусний халдварласан өвчтөнд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах онцгой ач холбогдолтой.  Хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хичээн ажиллах болно” гэдгийг Тайванийн Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю тодотгов.

 

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Тайваньд шинэ төрлийн коронавирусний нийт 509 тохиолдол бүртгэгдсэн төдийгүй өнгөрсөн 4 сарын хугацаанд дотоодод шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй болно. Тайваньд нийгэм эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй ойрын хугацаанд Монгол оюутнууд сурах зорилгоор тусгай нислэгээр Тайвань орон руу зорчсоор байна. Тайванийн Засгийн газраас Монгол Улсад цар тахалтай тэмцэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт хандивласан. Хоёр орны хувьд эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ зэрэг тогтвортой хөгжлийн асуудлын хүрээнд хамтран ажилласаар ирсэн итгэлтэй сайн түншүүд билээ. Тайвань НҮБ болон ДЭМБ-ын нэгдсэн ассамблейд оролцох эрх нь орхигдсоор ирсэн хэдий ч “Тайвань тусламж дэмжлэг үзүүлэх чадамжтай төдийгүй дэмжлэг үзүүлсээр байна” хэмээх үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхээр хичээн ажилласаар байна. Цар тахал дэгдсэнээс хойш Тайваньчууд эмнэлгийн хэрэгсэл, халдвар хамгааллын хэрэгсэл хандивлах, видео хэлэлцүүлгээр дамжуулан өөрийн орны халдварт өвчинтэй тэмцэх туршлагаас хуваалцах зэрэг хэлбэрээр Монгол Улс болон дэлхийн бусад найрсаг харилцаат улс орнуудтай хамтран халдварт өвчинтэй тэмцэж байна" гэв.


Холбоотой мэдээ