САРЛАГ ХОТОЛСОН УУЛСЫН ДУНД

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2020-09-25 14:55:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Төвөдийн өндөрлөг уулын хүйтэн салхи, хадан хавцал, хөр цасан дунд огтхон ч ажралгүйгээр олон мянган жил амьдарсаар ирсэн нэгэн зүйл мал бол сарлаг үхэр юм. Сарлаг нь Гималайн салбар уулс, Тэнгэр уул, Монголын Архангай, Өвөрхангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Баянхонгор зэрэг ойт хээрийн бүс нутгийн 13 аймаг 132 суманд тархсан байдаг. Энэ амьтныг монголчууд сарлаг, киргизүүд топос, төвдүүд харин яага гэж нэрлэдэг. Нүүдэлчин монголчуудын уламжлалт мал аж ахуйн өвөрмөц төрөлд тооцогддог сарлагийн мал маллагаа, энэхүү үхрийн онцлог шинжийн тухай илүү ихийг танин мэдэхээр манай сурвалжлах багийн хамт олон энэ удаад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан амын нэгдүгээр багийн малчин Сүхбаатарын Батчулууныд нэгэн өдрийг өнгөрүүлж өнжихөөр зорин хөдөлсөн билээ.


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум бол 80 хувь нь Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг газар нутаг. Чухам ийм л учир хөвч тайга, гол мөрөн шуугисан дэлгэр хөндий, эртний галт уулын цооногоос үлдэж хоцорсон хүрмэн чулууд, тэр л чулуудын дундаас тэнгэр өөд цойлж ургасан өндөр сайхан модод бий. Ийнхүү Бат-Өлзий сумаас гарч баруун хойд зүгт хүрмэн чулуу, дов сондуул, энхэл донхол хэцүү бэрх замыг туулж, хоёр гүүрээр гарсны хойно дахиад л өнөөх хүндхэн замаар машин урагш зүтгэнэ. Хоёр талаар нь хөвч ногоон моддоор бүрхэгдсэн, хөглөгөр их уулс хүрээлсэн зам. Хойд энгэрээр нь Орхон голын ус шуугин урсаж, намрын эхэн сарын амар амгаланг хөг оруулан харгилдаг Битүүдийн хөндий.



Тэрхүү уудам дэлгэр хөндийн төгсгөлд Бөөрөг хэмээх зуслан бий. Хар Булуутын голын эрэг дээрх зусландаа хот айлууд налайн байх нь модод, чулуудын завсраар хальтхан харагдана. Зорьсон айлын гадна очиход харин нэг ч сарлаг харагдсангүй. “Арай уул руугаа гарчихаад бууж ирээгүй юм биш биз дээ” хэмээн хоорондоо ярилцсаар малчин С.Батчулууны гэрийн гадна бууцгаав.


Энэ үеэр гэрийн эзэн малдаа яваад эзгүй байсан ч төд удалгүй баруун хойд ухаагийн дээгүүр сарлагаа туусаар гарч ирлээ. Дөнгөж саяхан биднийг угтан авч амар мэндээ мэдэлцсэн Ч.Батцэцэг бол энэ гэрийн эзэгтэй. Тэрээр нөхрийнхөө бараанаар сарлагийн тугалнуудаа барьж уяхаар зэл рүүгээ алхана. Тэр л зүгийн алсад хөвч уулсын цаахнуур нарны сүүлийн цацраг шургаж амжлаа. Шинэхэн ногооны үнэр хамар сэнгэнүүлж, хаа нэгтээ ноход хуцах нь моддын сэрчигнээтэй хоршин дуулдана. Хангайн малчин айлын хотонд ганц нэгхэн чимээтэй ийм л амар амгалан орой ирдэг ажээ.

II.





Талд бүтэн улаан наран манддаг. Харин тайгад, тэр тусмаа С.Батчулууны гэрийн тооноор намрын эхэн сарын наран 9:00 цагаас хойш л тусна. Учир нь тэдний урдхан талд өтгөн ойн моддоор хучигдсан өндөр нуруу бий. Тиймдээ ч дээш хөөрсөн наран моддын зайгаар цацрагаа тасалдуулан үе, үе булталзаар гарч ирнэ. Энэ үед гэрийн эзэгтэй Ч.Батцэцэг өглөөний ихэнх ажлаа амжуулж, цайгаа чанаж, урьд шөнө загссан сарлагийн сүүний өрмийг хуулж хэдийн амжсан байх буюу дараачийн үнээ саах ажилдаа яаравчилна. Харин түүний нөхөр С.Батчулуун нь тугал татаж өгөх ажилтай.





Тэднийх ам бүл дөрвүүлээ. Охин Б.Буддулам нь 5 настай бөгөөд хүү Б.Будбилэг нэг ой ч хүрээгүй. “Удахгүй том болоод ээждээ тугал татаж өгнө, тиймээ” хэмээн Ч.Батцэцэг хүүгээ өргөж, хацар дээр нь шовхийтэл үнсчихээд гарав.


С.Батчулууных 80-аад сарлаг, 300 гаруй хонь ямаа, 20 адуутай. Жилдээ 30 гаруй үнээ тугалдаг байна. Харин энэ жил зуншлага тааруухан байсан тул ихэнх тугалаа эхлээр нь явуулснаас гадна сааль сүүний хэрэгцээндээ зориулан 7 тугал л гаднаа авч үлдэж, эхийг нь саадаг ажээ. Мөн эндхийн айлуудад тулгардаг нэг том бэрхшээл нь махчин амьтад юм. Хангайд хээрийн боохой элбэг тул ихэнх айл жилд авсан төлийнхөө тал хувийг амьтанд илүүлдэг тухай гэрийн эзэн хуучиллаа. “Сарлаг өөрөө их үргэмтгий, догшин мал. Гэвч ямар ч амьтан адгуус үр төлөө хамгаална. Гэтэл хангайн амьтан ширүүн болохоор яаж ч хичээгээд болдоггүй бололтой. Орой болгон л үхрээ гэрийн гадна авчирч хураах боловч тугал зооглочихоод л байх юм даа” гэж үргэлжлүүлэн ярив.



Сарлаг бол өндөр уулын бүсийн байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд гойд зохицон амьдардаг. Цавчим ангал ихтэй хад асга бүхий бэлчээрийг илүүтэй ашиглаж, гол болон уулс хоорондын хөндий зэрэг өөр дөрвөн төрлийн мал ихээр өсгөн үржүүлэх боломжгүй бэлчээрт ийнхүү дасан зохицдог учраас бэлчээрийн даацад сөрөг нөлөө үзүүлэх нь тун ховор байдаг нь монгол сарлагийн нэг давуу тал болдог байна.


Саалийн цаг дууссаны дараа С.Батчулуун уналга, ачиллаганд ашигладаг эр үхрүүдээ ялгаж хашаанд хашив. Учир нь өнөөдөр тэднийх жижиг гэрээ намаржаандаа буулгаж өвлийн бэлтгэлээ эртнээс базаахаар зэхжээ.


Сарлаг их үргэмтгий, догшин мал хэмээн С.Батчулуун хуучилж байсныг эр үхрүүдийг барих үед сайн ойлгов. Том хайнаг, шарууд жижигэвтэр хашаанд хаашаа л бол хаашаа бөөнөөрөө хуйлран давхиснаа модон шургааганд тулаад зогсчихно. Тэднийг барихдаа суран бугуйл ашиглана. Өөр ямар ч аргагүй. Энэхүү суран бугуйлыг сарлагийн арьсыг өвчсөний дараа нарийхан зүсэж, хужиртай усанд дэвтээсний хойно зөөлөртөл элдсэн сураар хийдэг байна. Энэ үед С.Батчулуунд туслахаар саахалт айлын залуучууд болох Г.Аюурзана, Д.Сийрэвнямбуу нар иржээ. Тэд хагас цагийн хугацаанд амжуулж нүүдэл хийхэд ашиглах зургаан эр сарлаг барьж хашааны урд сул хэвтээ хөндлөн моднуудад уяж орхих нь тэр.



Хэдийгээр эр үхрүүд нь харахад сүрдэм сайхан том биетэй ч гэлээ дөрлүүлсэн хамартаа эмзэглээд жаахан л зүйлээс уячихад болдог ажээ. Харин нас бие гүйцсэн эр сарлагийн бух биеийн үндсэн хэмжээгээр 20-30, жингээр 50-60 хувиар илүү том. Энэ зуур С.Батчулуун “Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд, сарлагийн цээжин бие жирийн үхрийнхээс их том. Гэхдээ харьцангуй богиновтор биетэй боловч сээр хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү байдаг юм даа” гэв. Намар нас гүйцсэн сарлагийн бух 400-450, үнээ нь 210-221, эр шүдлэн 220-250 кг хүрдэг ажээ. Сарлагийн өөх нь “А” аминдэмийг үүсгэгч каротин ихтэй учир тод шаргал өнгөтэй байдаг бөгөөд мах нь миоглобин ихтэй учир энэ нь агаарын хүчилтөрөгчтэй амархан урвалд орж хүрэн улаан өнгөтэй болдог байна. Харин С.Батчулууных сарлагийг уналга, эдэлгээнд ашиглаж, сааль сүү, хөөврийг нь самнахаас бус тэр болгон зарж борлуулаад байдаггүй гэнэ. Учир нь сарлаг их онцлогтой амьтан учраас өсгөж үржүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг гэдгийг хэлж байлаа.


Мөн С.Батчулуун зуны цагт Өвөрхангай аймгийн байгалийн сайханд аялахаар ирсэн жуулчдад үйлчлэх зорилгоор сарлагуудаа ашиглаж өрхийн орлогынхоо тэн хагасыг бүрдүүлдэг байна. Энэ үед сарлаг л түүнд хэрэг болно. Ер нь Улаан амын нэгдүгээр багийн иргэд жуулчдыг байр сууцаар хангах, сарлагаар тэдэнд үйлчлэх зэргээр зуны цагт өрхийн орлогоо нэмэгдүүлдэг аж. Энэ талаар өдрийн ажил дууссаны хойно С.Батчулуунтай лавшруулан ярилцахаар бид тохирлоо.



Харин одоо өдрийн хоолны цаг. Дараа нь саахалтын айл Ч.Батжавын хойд талд байх Битүүдийн хөндийн мод, чулуугүй хэсэгхэн чөлөөн дэх дэвсэгт хэд хэдэн сарлаг барьж сургах, дөрлөх ажил хийх юм. Сарлаг бугуйлдах, сургах чимээ Битүүдийн хөндийн айлуудад хэдийн таржээ. С.Батчулуун өөрөө утас цохиогүй байхад л найз нөхөд нь дорхноо давхилдаад ирэв. Нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэл, үе тэнгийн залуусын нөхөрлөл энэ л дүр зурагнаас тодхон харагдана.


III.


Өнгөрсөн онд таван түмэн сарлагийн баяр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болсныг уншигчид мэдэх биз ээ. Тэр талд одоо хэдэн зуун сарлаг тааваараа идээшлэж үзэгдэнэ. Битүүдийн хөндийд байх хамгийн цэлгэр, уужим дэвсэг нь энэ. Тэнд хол, ойроос ирсэн малчин эрс цуглаж С.Батчулууны хэд хэдэн эр сарлагийг бугуйлдан барьж аваад ээлжлэн мордож авхаалж, самбаагаа сорихын зэрэгцээ хэн нь удаан тогтохоо үзнэ. Харин нутгийн залуу Г.Аюурзана энэ зуурт “Сарлаг ер нь их эвгүй булгидаг мал даа. Морь бол хажууд нь хамаагүй тогтвортой байдаг” хэмээлээ.





Дараа нь тэд сүргийн дотроос том цагаан эр шүдлэнг бугуйлдан барьж авав. Түүний хамрыг нүхэлж, дөр зүүх юм. Чингэхдээ хутга шиг сайтар үзүүрлэсэн шовх модоор хамрын баганыг нь цоолно. Түүнд өнөөх модоо унахгүй болтол зүүж тавих ба хэд хоногийн дараа эдгэхээр нь буцааж аваад нүхэн нь дөр шургуулан уях ба энэ нь түүнийг хөтлөх буюу унаж явахдаа залж чиглүүлдэг хамагч бүхий оосор юм. Сарлагийн дөрийг хөөврөөр хийнэ. 






Сарлагийн ноосон дор маш нарийн ширхэгтэй хөөвөр байдаг. С.Батчулуун хаврын цагт бяруу, шүдлэн нийлсэн 30-аад тооны сарлаг самнаж хөөврийг нь авна. Харин бусад насны сарлаг хөөврөө голдуу хээр хөдөө салхинд гээчихдаг байна. Чингэхдээ жилд дунджаар 20 кг хөөвөр авдаг бөгөөд 1 кг хөөвөр нь 15000 мянга буюу түүнээс дээш үнэтэй. Нөгөөтэйгүүр сарлагийн арьс ширээр эмээлийн ганзага, дөрөөн сур, суран бугуйл, хазаар, ногт хийхээс гадна үстэй чигээр нь салхинд хатаан дараа нь зөөлөртөл элдэж “хөм” болгоно. Өдгөө сарлагийн хөм нь ихэд ховорджээ. Энэхүү эдлэл нь нэгэн зүйлийг дэвсгэрийг орлох ба их зузаан, дулаахан эд ажээ.


Ер нь бол Бат-Өлзий сум нь 9000 гаруй хүн ам, 336 мянган малтай бөгөөд энэхүү тоогоор аймагтаа дээгүүрт орно. Мал аж ахуйн 5 багтай. Харин бидний зорьж ирээд буй Улаан-Амын нэгдүгээр багт л гэхэд 2000 орчим хүн ам, 122 мянган мал бий. Үүнээс 26 мянгыг нь үхэр сүрэг эзлэнэ. Тус газар нь далайн түвшнээс 2400-гаас дээш өргөгдсөн учир сарлаг өсгөхөд нэн тохиромжтой гэдгийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын орлогч Л.Батчулуун энэ завсар өгүүлж байлаа.

Ийнхүү залуус маань сарлагаа сургахыг нь сургаж, заримд нь дөр зүүснээр өдрийн гол ажил дуусав. Сарлагаа урагш гол руу тууж оруулсны хойно С.Батчулуун мориндоо мордож нүүдэл хийхээр гэрийн зүг хатируулах нь тэр.



IV.


Сарлагийн бэлчээрээс ирэхэд Ч.Батцэцэг бяслаг шахан хажуугаар нь ааруул хуруудаа зүсэж хатаахаар өрж байлаа. “Сарлагийн сүү өтгөн, тослог ихтэй байдаг. Тиймдээ ч 4 литр усыг 1 литр сүүгээр сүлчихдэг юм. Мөн шимийн архи гаргаж авна гээд ашиг тус ихтэй. Эндхийн айлууд том болсон хүүхдүүдээ хол малын эрэлд гарахад нь хэдэн ааруул өвөртлүүлээд л явуулчихдаг. Орой нь огт өлсөж цангаагүй хүн ирдэг юм даа” хэмээн хуучилна. Ч.Батцэцэг ийнхүү хуучлахын зуурт зүссэн ааруулаа наранд хатаахар том гэр дээр өрж тавив. Харин дараа нь жижиг гэрийнхээ эд хогшлыг эмхэлж цэгцлэн ачаалахад бэлэн болгох ажилдаа шамдан орлоо. Малчин айлийн нэг өдрийн ажил ийнхүү дуусашгүй хөврөх ажээ.





Бөөрөг зуслангийн айлууд өмнөөс умар тийш чиглэсэн нүүдэл хийнэ. Намаржааны нутгаас харин зүүн умард руу дамнан нүүж Баяннуурт өвөлждөг байна. Гэрийн эзэн болох С.Батчулуун, Г.Аюурзана, Д.Сийрэвнямбуу нар жижиг гэрийг буулгаж хана туурга, унь ,тооно цөмийг нь зургаан сарлаганд хуваарилан ачихаар болов. Тэд огтхон ч зүгээр зогсохгүй. Нэг нь туурга эвхэж байхад, нөгөө нь хаалганы үдээрийг эвхэж янзлаад сарлаг өөд аваачна. Тэр дунд С.Батчулуун бүхий л ажлыг оройлон гүйцэтгэж, бусадтайгаа хамтран гэрээ ачаалж дуусгаад сарлагийн дөрийг хүзүүнд эвхэж сул тавив.  


Өвөл цагийн хад бартаа, цас ихтэй замаар явахад сарлагийг цуваа үүсгэн холбоод хөтөлж явдаг гэнэ. Харин намаржааны нутаг руу нүүдэл хийхдээ гэр ачсан сарлагнуудыг сул тавин тууж явдаг байна. Хачирхалтай нь сарлаг өндөр уулын уруу, модон дундуур тууж явахад хүртэл хоёр талд нь тэгнээтэй ачаагаа огтхон ч гээж, газарт унагалгүй авч явдаг гайхмаар амьтан ажээ.






Намаржааны нутаг Бөөрөг зуслангаас холгүй. Уулын энгэр бараадсан өндөрлөг дэнж дээр байна. 
Гэвч араас нь модод түрэн орж ирсэн тэрхүү дэнж намрын сэрүү унахад ихэд дулаахан байдаг гэнэ. С.Батчулуун ах тууж явсан үхрүүдээ зогсоож, мөн л бугуйл шидэн нэг нэгээр нь барьж аваад ачаагаа буулгав. Харин шинэ гэр барих ажилд нь манай сурвалжлах багийнхан хамжилцсан билээ.


Энэхүү толгодын оройгоос зүүн умард зүг рүү ширтвэл Хар булуутын уулын хавцал үзэгдэнэ. Модод шигүү ургасан тул ямар жимээр тэрхүү өндөр давааг мацаж өвөлжөөний нутагт хүрдгийг хэрхэн мэдэх билээ. Тэртээ Төвөдийн өндөрлөгөөс Монголын их говийг туулсаар хэзээ хэрхэн сарлаг үхэр Монголынх болж нутагшсан нь ч мөн бүрхэг. Ямартаа ч нүүдэл бол монголчуудын амьдралд өнө эртнээс уламжлагдан ирсэн амьдралын хэв маягийн нэг бөгөөд өдгөөг хүртэл орхигдож гээгдсэнгүй, мартагдаж бүдгэрсэнгүй гэдгийг л харж зогслоо. 




V.


Өдөр бэлчсэн сарлаг хотондоо хараахан ирээгүй байлаа. Тиймээс л оройн наран баруун хойд уулын цаагуур орохоос урьтаж С.Батчулуунтай гэрийнх нь урд талд байх модон саравчинд хэсэг зуур хуучлав. Тэрээр мал аж ахуй эрхлэхээс гадна зуны цагт дотоод, гадаадын жуулчдад үйлчилгээ үзүүлэх зарчмаар өрхийн орлогоо нэмэгдүүлнэ.  Учир нь, “Бөөрөг зусланг дамжин Өвөрхангай аймгийн Найман нуурын үзэсгэлэнг үзэх гэсэн жуулчид зуны цагт их ирдэг гэнэ. Харин энэ онд цар тахлын аюул нүүрлэсэн тул гадны жуулчид бараг үзэгдсэнгүй. Гэвч дотоодын жуулчид ихтэй байлаа” хэмээн С.Батчулуун ярина. Тэрээр жуулчдын авч яваа майхан сав, хувцас хунар зэрэг эд хогшлийг сарлагтаа ачиж, хөтөч хийнэ. Харин сарлаг их догшин, занг нь мэдэхэд хэцүү мал тул аюулгүй байдлын үүднээс жуулчдад морь унуулж, өөрөө сарлагаа хөтлөн явдаг ажээ. Чингэхдээ хөтөч хийсэн хөлсөндөө жуулчин бүрээс өдрийн 20 мянгыг авна. Харин морь, сарлаг тус бүр нь өдрийн 15 байдаг байна. Ингэснээр жилд дунджаар 20 гаруй сая төгрөг олдог бол энэ жилийн хувьд 10-аад сая төгрөгийн ашиг олсон байна.


Тэрээр “Horseback Mongolia” аяллын компанитай гэрээний дагуу хамтран ажилладаг бөгөөд тусгай зөвшөөрөл, үүрэг даалгаврын дагуу ажлаа гүйцэтгэж хөлс мөнгөө авдаг юм. Тиймдээ ч өнгөрсөн онд компанийн шинэ жилийн баяраар “Шилдэг малчин айл” өргөмжлөлийг хүртжээ.


Энэ зуурт сарлаг хотолж ирсэн тул С.Батчулуун, гэргий Ч.Батцэцэгийн хамтаар тугалаа эхээс нь ялгаж уяхаар үхрийн хашаа руу яаравчлах нь тэр. Харин зүүн зүг гэр өөдөө тоос манарган давхиж яваа хоёр морьтон бол нутгийн ах нар болох С.Батчулууны гэрийг намаржаанд нь нүүлгэлцэж өгсөн Г.Аюурзана, Д.Сийрэвнямбуу нар байлаа.



Үнээн зэлэн дээр эр шүдлэнгүүд хоорондоо мөргөлдөж, зарим нь тайван хивж зогсоно. С.Батчулуун гэргийн хамтаар тугалаа уяж, наанаас нь таван настай С.Буддулам охин тосон гүйж харагдлаа. Нар уулын цаагуур хэдийн шургаж амжсан боловч моддын үзүүрээс тунаран гарч байх шиг шаргал туяагаа тэнгэрийн хээлэнд үзэсгэлэнтэйеэ дэвсчээ. Ийнхүү сарлагийнхаа ашиг шимийг хүртэн ажиллаж, хөдөлмөрлөж буй нэгэн залуу малчин айлын өдөр өндөрлөв. Тэндээс олж авсан хамгийн чухал зүйл бол залуу эрсийн дотно нөхөрлөл, тусч хичээнгүй сэтгэл, малчин эрийн халуун дулаан, зочломтгой зан байсныг буцах замдаа нэхэн санаж явав аа.  

ЗУРГИЙН ЦОМОГ


Сарлагаа бэлчээрт гаргаж буй нь 





Сарлаг бугуйлдах...


Бат-Өлзий сумын Улаан-Амын нэгдүгээр багийн малчин Д.Ганболд. Өдгөө сарлагийн "хөм" их ховордсон учир энэ чиглэлийн бүтээгдэхүүн гарган авч, үр хүүхдүүддээ өвлүүлж үлдээхийг зорьж явдаг гэнэ. 



Сарлагийн ширээр эмээлийн ганзага, гөлөм, хазаар ногт, айраг бүлэх ширэн бэлтгэхээс  гадна "хөм" хийдэг. Хөм дээр сууж буй хүүхдүүд.



Тогоо нэрж байна. 



Энэхүү хазаар, бугуйл, ташуурын сурыг гэрийн эзэн С.Батчулуун өөрийн гараар зангидаж хийжээ. 


Хар булууны уул. Энэ уулын баруун амаар өгсөж, уруудсаар тэд өвөлжөөндөө хүрнэ. 



Өглөөн нарнаар хивж хэвтэх сарлаг



Хужирлахаар давхиж буй сарлаг. Хужир нь мал иддэг нэгэн төрөл зүйлийн давс юм. 



Битүүдийн хөндийн намар.


Гэрэл зургийг | Т.Чимгээ

Холбоотой мэдээ