Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төвийг Берлинд нээнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-25 14:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны санхүүжилтээр Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн хүрээнд Монголын мэдээлэл худалдааг дэмжих Европын төвийг Германы Берлин хотод ирэх сард нээнэ.

Ингэснээр Монгол Улс болон ЕХ-ны иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг холбож, хямд өртгөөр бараа бүтээгдэхүүнээ европын зах зээлд гаргах гүүр болохоос гадна ЕХ-ны хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад мэдээлэл өгөх юм. Мөн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг европын орнуудад борлуулах цахим худалдааны платформ хийхээр төлөвлөжээ. Бараа хүргэлтээ Берлин хотын агуулахаас тээвэрлэж, мэргэжлийн үзэсгэлэн, яармагт танилцуулж байх юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим төв байгуулахад хамтран ажиллах түншээр Берлин хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол-Германы Эдийн засгийн клубыг сонгожээ. Клубын 25 гишүүн Берлинд удаан хугацаанд амьдарч, олон салбарт амжилттай ажиллан, бизнес эрхэлж байгаа монголчууд юм.  Эхний ээлжинд сарлагийн хөөвөр, торомны ноосоор хийсэн хувцас, гэр ахуйн нэхмэл эдлэл, арьс шир, хонины ноос, ноолуур, гоо сайхан, чацарганы бүтээгдэхүүн, модон болон эсгий эдлэл, бэлэг дурсгал, гар урлал, цай, ургамал, жимсний чанамал, архи гээд байгалийн гаралтай сайн чанарын бүтээгдэхүүн экспортлох зорилготой.

“2017-2021 онд хэрэгжүүлж буй TRAM төслөөс монголын гоо сайхан, чацаргана, сарлагийн арьс шир, хөөвөр, торомны ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дөрвөн кластер байгуулж, дэмжлэг үзүүлдэг.  Кластер нь салбарын үйлдэрлэгчид нийлж, нэг бараа бүтээгдэхүүнийг экспортлоход хамтын хүчээр оролцоно гэсэн үг. Түүхий эд бэлтгэл, боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаа, төрийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллага, лаборатори зэрэг  оролцогч бүх талыг багтаасан нэгдэл юм. Тэд шинэ бүтээгдэхүүн гаргах, чанарыг нь сайжруулах, гишүүнээ сургах, олон улсын гэрчилгээ авах, европын зах зээлд гаргахаар хамтран ажиллаж байгаа”-г төслийн ахлах зөвлөх Карл Круг өчигдөр нээлтээ хийсэн “Улаанбаатар Түншлэл-2020” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ярьсан юм. 

Холбоотой мэдээ