МҮХАҮТ-ын ой бизнес фестиваль, ёслолын тоглолтоор эхлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-25 18:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд ёслолын тоглолт, үндэсний ААН-үүдийн бизнес фестивалиар эхэллээ. Ёслолын тоглолтод соёл урлагийнхан энэ жилийн наадмын хөтөлбөрөөс тоглолоо. 

Харин бизнес фестивальд дотоодын үйлдвэрлэгч "Монос групп", "Ханбогд кашимер", БҮТИ, "Од тань" болон "Витафит", "Сүү", мөн "Петровис", "BSB", "Netcom", "Бум бум" авто брэндийнхэн, "Дашваанчил" ХХК-ийн  ажилтнууд компанийн тугаа өргөн жагсаж оролцлоо.  

"Дэвшилд хөтөлсөн жаран" уриан дор тэмдэглэж буй МҮХАҮТ-ын ойн баярын хурал "Корпорайт конвеншн центр"-т болж, ойн хүрээнд Танхимын 60 жилийн үйл ажиллагааг харуулсан зургийн үзэсгэлэн дэлгэж, ойн баярын тоглолт болов.


Ойн баярын хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцож бизнесийн төлөөлөгч, хувийн хэвшлийнхэнд баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээр тархаад буй "COVID-19"-ийн цар тахлын үед бизнес эрхлэгчдээ дэмжих, эдийн засгийг сэргээх, одоогийн бизнесийн орчинг сайжруулах хүндхэн үүрэг төр, засаг болон хувийн хэвшлийн аль алинд нь ногдож буй. Хариуцлагатай энэ цаг үед төр хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал" гэдгийг онцлов. 


Тэрээр, "Ийм цаг үеийн нөхцөл байдалд төр, засаг МҮХАҮТ-тай нягт хамтран ажиллах нь нэн чухал юм. Ирээдүйн 60 жилийн бизнесийн орчин, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад Засгийн газар болон нийт бизнес эрхлэгчид Танхимтай хамтран ажиллахаас эхэлнэ" гэдгийг тодотгож, Танхимын үе үеийн удирдлага, албан хаагч, нийт гишүүд, бизнес эрхлэгчдэд ойн баярын мэнд хүргэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танхимын 60 жилийн ой Монгол Улсад хувийн хэвшил хөгжсөний 30 жилийн ойтой зэрэг болж буйг хэлж, "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө бүх талаар дэмжинэ" гэдгээ илэрхийлсэн юм. 


Баярын хуралд Монголын бизнесийн салбарын тэргүүлэх 1000 гаруй бизнес эрхлэгч, олон улсын байгууллагын төлөөлөгч нар, Канад, ОХУ, Чех зэрэг орны Элчин сайд, худалдааны төлөөлөгчид болон Танхимын үе үеийн удирдлагууд оролцлоо. 





Холбоотой мэдээ