Засаг даргаар ахлуулсан ажлын баг орон нутагт ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-26 22:46:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын баг 2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, “Зүтгэл Итгэл Санаачилга”-ыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд зохион байгуулсан ажлуудтай газар дээр нь танилцаж, зөвлөмж чиглэл өгөх зорилготой орон нутагт ажиллаж байна.

Ажлын баг Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур суманд ажиллан төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Уртрагийн давааны зам засвар, арчилгааны ажлын явцтай газар дээр нь танилцжээ.

Уртрагийн давааг 33 жилийн дараа цэргийн алба биеэр дүйцүүлэн хааж байгаа албан хаагчид болон нутгийн иргэд хамтран засварлаж байна. Жил бүрийн намар 10-р сарын 20-ноос эхлэн Уртрагийн даваагаар тус багийн иргэд, машин болон ердийн хөсөг, хайнаг, сарлагийн шараар нуруу ачин нүүдэл хийдэг. Сүүлийн жилүүдэд нүүдлийн зам болон гүүрүүд эвдэрсэн учраас машин техник явах хүндрэлтэй, эвдэрсэн гүүрээр гарах үед малын хөл хугарах тохиолдол их гардаг болсон гэнэ. Малчин иргэд энэ жил санаа зовох зүйлгүй нүүдэллэх боломжтой болж буйд орон нутгийн удирдлагад талархлаа илэрхийлж байлаа.




Холбоотой мэдээ