Эсээ бичлэгийн уралдааны шилдэг сурагчдыг шагнав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-26 10:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичиг үсгийн олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Миний хүсэж буй боловсролын ирээдүй” эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдод энэ сарын 25-нд шагнал гардуулав

 

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдөр тохиодог Бичиг үсгийн олон улсын өдрийг тогтмол тэмдэглэдэг. Энэ жилийн Бичиг үсгийн олон улсын өдрийг тохиолдуулан “Миний хүсэж буй боловсролын ирээдүй” сэдэвтэй эсээ бичлэгийн уралдааныг ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж бага, дунд, ахлах ангийн ангилалд эхний гурван байр шалгаруулсан юм.


Уралдааны шагналт байранд шалгарсан нийслэл дэх Холбоот сургуулиудын сурагчдад ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа. 


Уралдааны ахлах ангийн ангилалд тэргүүн байрт нийслэлийн 2-р сургуулийн 11д ангийн сурагч Г.Хонгорзул, дэд байрт мөн сургуулийн 10е ангийн сурагч М.Хүслэн, дунд ангийн ангилалд гутгаар байрт Монгени цогцолбор сургуулийн 6б ангийн сурагч Я.Эрхэм нар тус тус шалгарч шагналаа гардсан юм.


Харин Өвөрхангай аймгийн Хархорины 2-р сургууль болон Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн шагналт байрт шалгарсан сурагчдад өргөмжлөл, дурсгалын зүйлсийг шуудангаар илгээжээ.

Холбоотой мэдээ