Харьков мужийн ойролцоо цэргийн нисэх онгоц осолджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-26 11:19:14

КИЕВ. /TASS/.  Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний “Ан-26” нисэх онгоц баасан гаргийн орой Харьков мужийн орчимд осолджээ.


Нисэх онгоцны бүхээгт багийн гишүүдээс гадна Харьковын Агаарын хүчний их сургуулийн курсантууд байсан байна. Онгоц газардаж байхдаа осолджээ. Украины Улсын онцгой байдлын албанаас мэдээлснээр, онгоцны бүхээгт 27 хүн байсан бөгөөд 25 хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтжээ. Осол сургуулийн нислэг хийх үеэр гарсан гэж тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдээлсэн байна. 


Харьковын мужийн төрийн захиргааны дарга Алексей Кучерийн мэдэгдсэнээр, эмгэнэлт явдлын шалтгаан нь нисэх онгоцны хөдөлгүүрийн доголдол болжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бямба гарагт ослын газарт очих аж.


Эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан ОХУ-ын Н.Е.Жуковский, Ю.А.Гагарины нэрэмжит Агаарын цэргийн академийн тэргүүн Геннадий Зибров Оросын нисэгчдийн өмнөөс Ан-26 онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Түүнчлэн Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Укрианы эрх баригчдад эмгэнэл илэрхийлсэн байна.


Харьков мужийн эрх баригчид есдүгээр сарын 26-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ.


Холбоотой мэдээ