Их Британи Билл Гейтсийн сантай хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-26 12:36:52

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригчид Билл болон Меланда Гейтсийн сантай, мөн тус улсын “Wellcome Trust” буяны байгууллагатай хамтран шинэ цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ.


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бямба гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлд дүрс бичлэгээр дамжуулан үг хэлэхдээ төлөвлөгөөг танилцуулна гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Уг төлөвлөгөөг бусад улс оронтой хамтран бодит ажил хэрэг болгохын тулд Их Британийн эрх баригчид Их долоогийн бүлгийг (G7 – Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц болон Япон) даргалах хугацаагаа ашиглахаар төлөвлөж байгаа аж. Тус улс 2021 оноос Их долоогийн бүлгийг даргалж эхлэх юм. Энэхүү төлөвлөгөө нь аюултай халдварт өвчний дэгдэлтийн үед олон улсын байгууллагууд, улс орнуудын бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн таван хэсгээс бүрджээ.  


Хөтөлбөрт мөн хүнд аюул учруулж болзошгүй, амьтдын дунд тохиолддог халдварт өвчин буюу зоонозын өвчнүүдийг судлах төвүүдийн сүлжээг дэлхий даяар байгуулахаар тусгажээ. Хүнээр дамждаг нийт эмгэг төрүүлэгчдийн 60 орчим хувь нь амьтдын дунд үүсэж, улмаар өөрчлөгдөж, хүмүүст аюул учруулдаг байна. Эдгээр төвүүдийн гол даалгавар бол аюултай байж болзошгүй бичил биетнүүдийг мутацид орохоос нь өмнө олж илрүүлэх, судлах юм.


Үүнээс гадна, эм, вакцин үйлдвэрлэх хүчин чадлыг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарт үүссэн хямралын нөхцөл байдлын талаар урьдчилан сэрэмжлүүлэх тогтолцоог бий болгох, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог өргөжүүлэх, түүнчлэн Их Британийн эрх баригчдын үзэж байгаагаар, шинэ коронавирусний цар тахалтай тэмцэхэд саад болж буй худалдааны саадыг багасгахыг санал болгосон байна.


Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 32.2 сая хүн халдвар авч, 983 мянга гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ