Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-26 13:58:33

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Массачусетс муж улсын Бостоны их сургуулийн эрдэмтэд хүний ​​биед Д аминдэм хангалттай хэмжээнд байх нь коронавирусний халдвар авсан үед үүсэх сөрөг үр дагаврын эрсдлийг бууруулдаг гэдэг  дүгнэлтэд хүрчээ. Эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнг “PLOS One” сэтгүүлийн цахим хувилбарт нийтэлсэн байна.


Судлаачид 235 өвчтнийг эмнэлэгт хэвтэх үед нь цусны дээж авч, сийвэн дэх Д аминдэмийн хэмжээг тодорхойлжээ. Судалгаанд оролцогчдын 74 хувь нь коронавирусний халдварын хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй эмнэлэгт ирсэн бол 32.8 хувьд нь Д аминдэмийн хэмжээ хангалттай байсан байна. 40 хүртэлх насны хүмүүсийн дунд нас баралтын тохиолдол бүртгэгдээгүй боловч 40-өөс дээш настай өвчтөнүүдийн 16.3 хувь нь халдварын улмаас нас баржээ. 40 ба түүнээс дээш насны 206 хүнээс нас барсан хүмүүсийн ердөө 9.7 хувийнх нь биед Д аминдэм (миллилитр тутамд дор хаяж 30 нано грамм) хангалттай хэмжээнд байсан бол 20 хувьд нь Д аминдэмийн хэмжээ 30 нг/мл-ээс бага байсан байна. Үүнээс гадна, 40-өөс дээш настай нас барсан хүмүүсийн дөнгөж 6.3 хувийнх нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ 40 нг/мл болон түүнээс дээш байжээ.


“Д аминдэм хангалттай хэмжээнд байх нь халдварын улмаас үүсэх хүндрэлүүд, улмаар “COVID-19”-өөр нас барах эрсдлийг бууруулж болохыг энэхүү судалгаа шууд нотолж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Майкл Холик онцлон ярьсан байна.


Д аминдэмийн архаг дутагдал нь “COVID-19”-ийн хамгийн хүнд хэлбэрүүдээр өвчлөх магадлалыг 15 орчим хувиар нэмэгдүүлдэг гэж Америкийн эмч нар тавдугаар сард мэдээлж байжээ. Дублиний Тринити коллежийн эрдэмтэд мөн коранавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд Д аминдэм чухал ач холбогдолтой болохыг судалгаандаа онцолсон байна.  


Холбоотой мэдээ