ДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-26 14:57:15

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхий даяар коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 1 саяд дөхөж байгаа боловч энэ тоо 2 сая болж нэмэгдэх магадлалтай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ эрүүл мэндийн салбарын онцгой байдлын асуудал хариуцсан захирал Майкл Райан мэдэгджээ.


"Энэ нь бүрэн боломжтой. Есөн сарын хугацаанд 1 сая хүн коронавирусний халдвараар нас баржээ. Вакцин гарч иртэл дахиад есөн сарын хугацаа шаардагдаж магадгүй бөгөөд энэ хугацаанд дахин нэг сая хүн нас барж магадгүй байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


"Гэсэн хэдий ч хүний ​​амь насыг аврах, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо хийж болох олон зүйл байна. Бид өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч чадаж байна. Хүчилтөрөгч, эрчимт эмчилгээ, дексаметазон хэрэглэсний ачаар нас баралтын түвшин буурч байна" гэж Райан хэлжээ.


“Асуудлын гол нь нас баралтын үзүүлэлт 2 саяд хүрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай зүйлүүдийг хамтын хүчээр хийхэд бэлэн үү гэдэгт л бий” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна. 


"Бид өвчний тархалтыг хянах, шинжилгээний тоог нэмэгдүүлэх, эрсдэлийг хувь хүн, хамт олон, нийгмийн бүх түвшинд удирдахад бэлэн байна уу. Засгийн газрууд эдгээр үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулахад бэлэн үү. Энэ вирус биднийг хянахгүй байхын тулд вирусийг хянах олон талт олон улсын арга хэмжээнд бид бэлэн байна уу. Хэрэв бид ийм арга хэмжээ авч, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн биш байгаа бол харамсалтай нь 2 сая хүн нас барах боломжтой. Харамсалтай нь үүнээс хамаагүй өндөр үзүүлэлт гарч магадгүй" гэж Майкл Райан мэдэгджээ.


Холбоотой мэдээ