“Johnson & Johnson”-ы коронавирусний вакцин дархлааны хариу урвал үүсгэжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-26 15:25:45

НЬЮ-ЙОРК. /AP/. Америкийн “Johnson & Johnson” компанийн бүтээсэн коронавирусний вакцин эмнэлзүйн туршилтын эхний болон хоёрдугаар үе шатны явцад дархлааны хариу урвал үүсгэсэн тухай “medRxiv” шинжлэх ухааны цахим номын сангийн цахим хуудсанд мэдээлжээ.


Туршилтуудад 800 хүн оролцсон бөгөөд хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт 18-аас 55 насны хүмүүсийг, хоёрдугаар бүлэгт 65-аас дээш настай хүмүүсийг оруулсан байна. Эрдэмтэд олж авсан үр дүн нь урьдчилсан бөгөөд бие даасан шинжээчдээр хараахан баталгаажуулаагүй байгааг тэмдэглэжээ.  


Вакцин хийлгэснээс хойш 29 хоногийн дараа эмнэлзүйн туршилтад оролцогчдын 99 хувьд нь коронавирусний эсрэг биет бий болсныг эрдэмтэд тогтоожээ. Үүний зэрэгцээ халуурах, толгой өвдөх, бие сулрах, өвдөх зэрэг зовиур мөн вакцин хийлгэсэн хэсэг газар хавдах, улайх гэсэн шинж тэмдгүүд хөнгөн, дунд зэрэг байсан бөгөөд нэгээс хоёр хоногийн дотор алга болжээ.


“Johnson & Johnson” компани вакциныхаа эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатыг лхагва гарагт эхлүүлсэн байна. Туршилтад гурван тивийн найман улсын 60 мянган хүн сайн дураараа оролцоно. Хэрэв вакцин нь үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдвал эхний багцыг 2021 оны эхээр гэрчилгээжүүлэх боломжтой болно гэж тус компани найдаж байгаа аж.


 


Холбоотой мэдээ