Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-09-27 14:19:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ жил "Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил"  уриатай тэмдэглэж байна. 


НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн 9 дүгээр сарын 27-ныг Дэлхийн аялал жуулчлалын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг. 

 

Энэ онд дэлхий нийтэд тархсан "COVID-19" халдварын улмаас уналтад орж хамгийн их нөлөөнд өртсөн салбар нь аялал жуулчлал болоод байгаа. Манай улсын хувьд, цар тахлын нөлөөнд мөн адил өртөж, энэ салбарыг эргэн сэргээхийн тулд олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу шинэ бодлого ажиллах шаардлага тулгараад байгаа. Энэ үүднээс БОАЖЯ 2024 он гэхэд манай улсад ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилтоо хэрэгжүүлэхэд өөр бодлого барьж ажиллахаар болсноо мэдэгдсэн.

 

Дээрх зорилтод хүрэхийн тулд ирэх оноос "COVID-19"-ийн вакцинжуулалт, цар тахлын нөхцөл байдал, халдваргүйжүүлэлтийн нөлөөг харж, үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байхаар, богино хугацаанд аялал жуулчлалын салбарыг сэргээх шинэ бодлого төлөвлөлтийн стратеги боловсруулахаар төлөвлөж буйг мэдэгдэж байна.

 

Манай улс өнгөрсөн онд гадаад улс орнуудаас хамгийн их буюу 577 мянган жуулчин хүлээн авч байв. Ингэснээр дотоодын эдийн засагт 670 орчим сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн үр өгөөж гарч байжээ. Аялал жуулчлалаас олох орлого орон нутгийн иргэдэд болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр болдог. 

Холбоотой мэдээ