Футзалын дээд лигийн 2020 оны улирлын тоглолтод “Унаганууд” тэргүүлэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-09-28 09:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо //МХБХ-ноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн футзалын дээд лигт 11 багийн 196 тоглогч өрсөлдөж шилдгүүдээ /2020.09.26/ тодрууллаа.


Футзалын дээд лигийн энэ улирал нэгдүгээр сарын 25-нд эхэлсэн ч COVID-19 халдварын улмаас долдугаар сарын 19 хүртэл завсарласан юм. Харин завсарласан энэ хугацаанд олон улсын стандартад нийцсэн футзалын шалтай болж, тамирчид илүү эрч хүчтэй, футзалын ордон шинэ өнгө төрхтэй болсон.



С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигийн аваргын цомыг долоо дахь удаагаа өргөсөн бол аваргуудыг өвдөг шороодуулж чадсан “Арвис”-ын залуус мөнгөн медалийг зүүлээ. Хүрэл медалийн эзэд тэмцээний сүүлийн өдөр тодорхой болж “Хараацай” клуб тодорлоо.



Лигийн турш хамгийн олон дараалсан хожил авсан багаар Унаганууд нэрлэгдэж 14 дараалсан ялалтыг байгуулжээ. Тус тэмцээнийг дэнслэхээр нийт 15 шүүгч ажилласан юм. Хамгийн залуу гоол оруулсан тоглогчоор Арвис багийн залуу тоглогч Б.Түвшинбаяр тодорсон байна. Түүний хувьд 2004 оны 4 сарын 26-нд төрсөн юм. Харин хамгийн ахмад гоолын эзнээр "Алдарын дайчид" багийн тоглогч Н.Галбадрах нэрлэгдлээ.



Холбоотой мэдээ