АНУ-ын шүүх “TikTok”-ийг хориглох шийдвэрт хориг тавьжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-09-28 11:11:46

ВАШИНГТОН. /Reuters/. БНХАУ-ын “TikTok” хавсралтыг ням гаргийн оройны 23:59 цагаас хориглох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны шийдвэрт тус улсын Вашингтон хот дахь шүүх хориг тавьжээ. Америкийн Худалдааны яам “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok”-ийг Америкийн хавсралтын дэлгүүрүүдээс хасахыг “Apple”, “Alphabet” компаниас өмнө нь шаардсан юм.


АНУ-ын тойргийн шүүхийн шүүгч Карл Николс “TikTok” хавсралтыг “App Store”, “Play Store”-д байршуулсан хэвээр байхыг “ByteDance” компанид зөвшөөрсөн боловч ирэх 11 дүгээр сарын 12-ноос хэрэгжих хязгаарлалтад хориг тавиагүй байна. TikTok”-ийг ашигладаг Америкийн 100 сая иргэний мэдээллийг Хятадын Коммунист нам олж авч болзошгүй тул үндэсний аюулгүй байдалд аюул учруулах эрсдэлтэй гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ.


“Бид “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг хариуцах “TikTok Global” хэмээх шинэ компанийн хувьцааны талаарх урьдчилсан гэрээг “Walmart”, “Oracle” компанитай байгуулсан” гэж “ByteDance” энэ сарын 20-нд мэдээлжээ. Уг хэлэлцээрийн нөхцөлүүдийн талаарх хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд АНУ-ын Засгийн газрын Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан хороо уг гэрээг хянах ёстой юм. 

Холбоотой мэдээ