“Цэвэр агаар” хөтөлбөрийг боловсруулах хэлэлцүүлэг боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-28 13:00:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт хэрэгжиж буй “Цэвэр агаар” хөтөлбөрийг боловсруулах хэлэлцүүлэг есдүгээр сарын 27-нд Алтай хотноо боллоо.


Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах, нүүрсний хэрэглээг багасгах, улмаар гадаад болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилгоор “21-р зууны гэр” санаачилгыг ШУТИС, МУИС-ийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү санаачилгын үр дүнд CHIPS буюу Хоол бэлтгэл, Халаалт, Дулаалгын Бүтээгдэхүүн Үйлчилгээний (ХБХДБҮ) багцыг бүтээсэн ба уг багцыг Говь-Алтай аймгийн 50 өрхөд хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор энэ өдрүүдэд НҮБ-ын Хүүхдийн сан, “Пипл Ин нийд” ОУБ, Монголын Скаутын холбоо, ШУТИС-ийн ажлын баг аймагт ажиллаж, есдүгээр сарын 27-нд "Цэвэр агаар” хөтөлбөрийг боловсруулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Энэхүү хэлэлцүүлэгт дээрх ажлын багийнхнаас гадна Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Баасан, НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн зөвлөх М.Эрдэнэбилэг оролцов. Түүнчлэн агаарын бохирдлыг багасгах, өртөлтийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилготой "Цэвэр агаар" төлөвлөгөөг боловсруулахад ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Алтай Улиастайн ТӨК, аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уурын алба, нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд оролцон санал бодлоо илэрхийлсэн юм.


Холбоотой мэдээ